Шинэ оны эхнээс мөрдөгдсөн 15 хууль

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-01-11 10:14:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ оны эхнээс 15 хууль шинээр мөрдөгдөж эхлээд байгаа билээ. Эдгээр хуулийг 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шинэчлэн найруулсан байдаг. Тэдгээр хуулиудын зарим нэгд хэрхэн ямар өөрчлөлт орсон талаар авч үзье.


Ийм хуулиудын нэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга. Нэгжийн тухай хуулиар орон нутаг (Аймаг, нийслэл сум, дүүрэг)-т 23 чиг үүргийг шилжүүлжээ.  Тухайлбал, сум (дүүргийн)-ын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, номын сан, биеийн тамир, спортын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээ (22.1.17, 25.1.8) байх жишээтэй.  


МҮЭ-ээс төрийн үйлчилгээний ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэхгүй байх талаар шаардлага Засгийн газарт хүргүүлж байсан билээ. Сангийн сайд Б. Жавхлан “Үүнийг хувийн хэвшилд шилжүүлэх үйлдэл гэхээс илүүтэй сум, дүүргийн Тамгын газарт төсвийн эрх очиж байгаа гэж ойлгох хэрэгтэй “ гэж хэлсэн байсан. Орон нутгийн хүний нөөц, өмч хөрөнгийн  талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого  энэ хуульд суужээ гэлтэй.


Хөдөлмөрийн тухай хуульд, ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг бас тусгажээ. Тухайлбал: 

  • Ажилтанд түүний цалин хөлс хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаарх мэдээллийг сар бүр өгч байх үүргийг ажил олгогч  хүлээнэ.
  • Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй, ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цагаас илүүгүй байна” гэх мэт тодорхой заалтууд оруулж өгчээ.

Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын 86.2 хувь нь 1-9 ажилтантай. Албан бус салбарт нийт ажиллагсдын 17.6 хувь буюу 220.000 хүн ажиллаж байна. Аж ахуйн нэгж, байгууллага бүтцийн хувьд жижиг, малчид, албан бус салбарт ажиллагсдын тоо өндөр гэж Үндэсний статистик хороо 2018 оны 4 дүгээр улиралд мэдээлж байжээ. Түүн дээр түшиглэн  хөдөлмөрийн харилцааны энэ онцлогт тохирсон  зохицуулалтыг шинэ хуульд:

  • Туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
  • Ажил олгогч нь тэдэнд ажиллаж амьдрах хэвийн нөхцөлөөр хангах, ээлжийн амралт олгох үүрэг хүлээнэ.
  • Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно гэсэн заалтууд оруулжээ.       

Энэ нь жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд болон албан бус салбарт ажиллаж байгаа ажилтны цалин хөлс, ажил амралтын цаг, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг  тодорхой зохицуулалттай болгоход чиглэжээ.  

Уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулахаар хуульд тусгажээ. Объект (гэрээсээ хол) дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амарна. Түүнээс цөөн хоногоор ажилласан бол ажилласан хоногийн тоогоор амрах эрх зүйн орчин бий болгожээ. Энэ бол бас л шинэ зохицуулалт ажээ.   Тухайлбал:

  • Насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй, долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна.  Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна гэсэн заалт оржээ.

Төсвийн тухай хууль, 2022 оны төсөвт  орлого 9,4 их наяд төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 12 их наяд төгрөг байхаар баталсан. Ирэх онд нийт 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төсөв тусгажээ. Үүнээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Түүнчлэн, Зам тээврийн салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга хот байгуулалтын салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин нэмэгдүүлжээ. 


Засгийн газрын бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль. Энэ хуулиар шинэ онд  хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулагдана. Тодруулбал Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулахаар болсон бөгөөд 2022 оны төсөвт Эдийн засгийн хөгжлийн яаманд 4.3, Цахим яаманд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Мөн шинээр байгуулагдаж буй хоёр яаманд тус бүр 80 хүн ажиллана. Мөн үүнээс гадна.  

  • И-Монгол Академи 
  • Сахилгын хороо 
  • Ойн судалгаа, хөгжлийн агентлаг 
  • Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлагийг байгуулна.  

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ 2021 оны 7 дугаар сарын 7-нд шинэчлэн баталсан. Энэ хуульд, иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрах бололцоог хангах, улмаар нийслэл хот өөрийн дүрмээр асуудлаа шийдэж, хараат бус бие даасан статустай байх зэргийг шинэчлэн зохицуулсан байна. Мөн хуулийн шинэчлэлээр төвлөрлийг сааруулахын тулд Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг дагасан шинэ суурьшлын бүс байгуулах, Аэросити, Майдар зэрэг дагуул хотыг хөгжүүлэх боломж нээх юм. Хууль шинэчлэн батлагдсанаар, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотыг бий болгох, санхүүгийн хувьд бие даалгах зэрэг эрх зүйн шинэ  үндэс суурийг бий болгожээ.


Соёлын тухай хууль нь төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг, эдийн засгийн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна. “Соёлын тухай хууль” нь 8 бүлэг 40 зүйлтэй.  “Түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, эсхүл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг “Соёлын үнэт зүйл” гэж тодорхойлжээ. Мөн  хуульд заасан журмын дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг “Соёлын байгууллага” гэж соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хамт олон, бүлэг хүнийг,  “Соёлын ажилтан” гэж арилжааны үнэ цэнээс үл хамааран, хүний соёлын хэрэгцээг хангах зорилгоор үзүүлж байгаа соёлын илэрхийллийг агуулсан үйлчилгээг тус тус “Соёлын үйлчилгээ” гэж  тодорхойлсон байх жишээтэй.


Кино урлагийн тухай хууль, кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Кино урлагийн тухай хуультай болсон. Уг хууль нь кино үйлдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлжээ.  Хуулийн дагуу зөвлөл ажиллана Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд 10 гишүүнтэй байх юм байна. Тэдний 7 нь орон тооны бус гишүүд байх аж. Хуулийн хэрэгжилтэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавих зохицуулалттай.  Нэр бүхий дээрх хуулиудаас гадна доорх хуулиуд энэ 1 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлээд байна.


  • Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хууль 
  • Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хууль 
  • Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 
  • Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хууль   
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 
  • Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 
  • Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Холбоотой мэдээ