Стандартын зуухны хэрэглээ, борлуулалт эрс багасжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2022-01-10 16:17:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн зорилтот бүлгийн 6098 айл өрхөд өнөөдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг үнэгүй олгож байна. Эдгээр айл өрхийн нэрсийн жагсаалтыг гаргасан талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн мэдээллээ.


Өнгөрсөн онд 7000 гаруй айл өрхөд тус бүр нэг тонн шахмал түлш олгож байжээ.

Энэ удаа зорилтот бүлгийн айлуудад сайжруулсан түлшийг 7 хоног бүр 6 шуудайг 42 хоног хуваарилан олгож даваа гараг бүрд түлшний картыг нь цэнэглэж байхаар зохицуулж байна. Энэ нь түүхий нүүрс болон дугуй, хаймар түлэхээс урьдчилан сэргийлж буй үйл ажиллагаа юм гэдгийг тодотгов.





Ирэх 7 хоногоос эхлэн гэр хорооллын өндөрлөг болон төвөөс алс газар байдаг айл өрхөд явуулын цэгээр Цагаан сарыг дуустал түлш нийлүүлж түгээнэ.


Мөн Шадар сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу түлштэй холбоотой хяналт шалгалтыг хийсэн талаар мэдээллээ. Нийслэлд түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 20 байгууллага, ААН байгаа бөгөөд тэдгээрийн 182 зуухад шүүлтүүр тавьсныг мэдээллээ. Тэрээр ирэх 7 хоногоос эхлэн түлш түгээх явуулын цэгүүдийг ажиллуулах талаар дуулгалаа. Гэр хорооллын өндөрлөг болон төвөөс алс байршилтай айл өрхөд явуулын цэгээр Цагаан сарыг дуустал түлш нийлүүлэх аж.


Агаарын бохирдлын нэг нөлөөг айлууд стандартын бус зуух хэрэглэж буйтай холбон тайлбарлаж байлаа. Зуух болгоныг хэмжиж, галлагааны дарааллыг гаргаж, иргэд, олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн 7 хоногт стандартын зуух үйлдвэрлэдэг, импортолдог ААН, иргэдтэй уулзсан. Жилд 15-20 мянган зуух борлуулдаг байсан бол цар тахлаас шалтгаалан өнгөрсөн онд зуух үйлдвэрлэн, импортолдог ААН-үүдийн борлуулсан зуух нийлээд 2000 хүрэхгүй байна. Үүнээс үзэхэд стандарт зуухны худалдаа 10 дахин буюу эрс багассан байна гэв. Түүнчлэн авто тээврийн хэрэгсэлд ашиглаж байгаа түлшний 88 хувь нь хүхэр өндөртэй байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөө үзүүлж байна гэдгийг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны мэргэжилтэн Д.Одонтунгалаг онцолж байв.

 


БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НМХГ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Цаг уур, орчны шинжилгээний газраас хамтран 7 хоног бүрийн даваа гарагт агаарын чанарыг тогтмол мэдээлдэг. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар энэ сарын 3-9-нийг хүртэлх агаарын чанарыг мэдээлэв. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат “Хүхэрлэг хийн агууламж өнгөрсөн онд 7 хоногийн дунджаар 164 байсан бол энэ онд 149 болж багассан. Хамгийн их хүхэрлэг хийн агууламж илэрсэн нийслэлийн Зурагт орчимд агаарын чанарын стандартаас 13.1 дахин их байна. Азотын давхар исэл 2021 оны 7 хоногийн дунджаар 48 байсан бол он гараад 60 байна. PM 10 тоосонцор 7 хоногийн дунджаар 112 байсан бол 2022 онд 159 байна. Харин PM 2.5 тоосонцор өнгөрсөн оны 7 хоногийн дундаж агууламж 83 мкг байсан бол 2022 онд 130 мкг байгаа" талаар мэдээлэв.

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ