Улсын хэмжээнд 8.4 сая мал отроор өвөлжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-01-06 17:09:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд нийт нутгаар өвөлжилт хэвийн байна. Цаг уурын эрсдэлийн тооцооллоор өвөлжилт говийн аймгуудад хүндэрч, бусад аймагт хэвийн байх төлөв гарчээ. Өнгөрсөн 11 болон 12 дугаар сард цаг агаар тогтуун байсан нь өвөлжилтөд таатай байх нөхцөлийг бүрдүүлж байна. Улсын хэмжээнд өвс, тэжээл, хужир 92 хувь хангаад байгаа талаар салбарын яамнаас мэдээллээ. Аймаг, сумын аюулгүй байдлын нөөцийн бэлтгэл 62 хувьтай байна.

Өвс тэжээлийг бүрэн бэлтгэж нөөцийг бүрдүүлсэн талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх хэлж байна. Өвс тэжээлийн үнэ зах зээлд харьцангуй боломжийн, эрэлт хэрэгцээ бага байна.




Мал тооллогын урьдчилсан дүнгээр, манай улсад энэ жил 67.7 сая толгой мал өвөлжиж хаваржина. Өмнөговь аймагт өвөлжилт хүндэрч, хавар цас багатай газруудад усан хангамжаар дутагдах төлөвтэй байна. Энэ өвөл, хавар 19 мянган малчин өрхийн 8.4 сая толгой мал отрын 6 бүсэд өнжинө. Энэ жил 15 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөж буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ.




Ташрамд мэдээлэхэд, Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гоц халдварт шүлхий өвчний тархалтын бүс дэх малчдыг шилжих хөдөлгөөн хийж, оторлохгүй байж, хорио цээрийн дэглэмийг мөрдөн сахихыг анхааруулж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 16 аймгийн 92 суманд шүлхий өвчин бүртгэгдэж хорио цээрийн дэглэм үйлчилж байгаа юм. 

Холбоотой мэдээ