3.1 сая гаруй мал тоолуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-12-30 18:04:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2021 оны жилийн эцэст Баянхонгор аймгийн мал сүргийн нийт дүн 3127.1 мянга болж, өнгөрсөн оныхоос 18.6 хувь буюу 712.8 мянган толгойгоор буурлаа.

Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо 136.6 мянга, үхэр 197.9 мянга, тэмээ 45.5 мянга, хонь 951.8 мянга, ямаа 1795.3 мянган толгой болсон байна. Энэ нь өмнөх оныхоос адуу 26.6 мянга (16.4%), үхэр 47.8 мянга (19.5%), тэмээ 10.0 мянга (18.0%), хонь 204.4 мянга (17.7%), ямаа 423.9 мянган (19.1%) толгойгоор буюу таван төрөл дээр буурсан үзүүлэлт аж.

Нийт мал сүргийн дотор адуу 4.4 хувь, үхэр 6.3 хувь, тэмээ 1.5 хувь, хонь 30.4 хувь, ямаа 57.4 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.4  пункт, үхэр 0.1 пунктээр буурч, хониных 0.3 пункт, адууных үхэр 0.1 пункт, тэмээнийх 0.1 пунктээр өссөн байна.

Хамгийн олон мал тоолуулсан эхний таван сумд Бөмбөгөр 261.4 мянга, Галуут 242.2 мянга, Баацагаан 216.9 мянга, Өлзийт 197.6 мянга, Баян-Овоо 189.8 мянган малтайгаар оржээ. Малын төрлөөр нь авч үзвэл тэмээгээр Баянлиг сум 17.4 мянга, адуугаар Галуут сум 17.7 мянга, үхрээр Эрдэнэцогт сум 47.7 мянга, хониор Галуут сум 106.6 мянга, ямаагаар Бөмбөгөр сум 171.7 мянган толгойг тус тус тоолуулж аймагтаа тэргүүлж байна.

Баянхонгор аймаг улсад нийт малын тоогоор 3127.1 мянган толгой малтай 12т, ямааны тоогоор 1795.3 мянган ямаатай дөрөвдүгээрт, тэмээний тоогоор 45.5 мянган тэмээтэй гуравдугаарт, үхрээр 197.9 мянган үхэртэй 13т, адуугаар 136.6 мянган адуутай 14т, хониор 951.8 мянган хоньтой 12т тус тус орж байна.

Сонирхуулахал, 2021 оны тооллогын урьдчилсан дүнгээр 15.4 мянган малтай өрх тооллогдож, өмнөх оныхоос 154 өрх буюу 0.9 хувиар буурсан байна. Нийт малтай өрхийн 85.0 хувь буюу 13.1 мянган  өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ болгож байгаа малчин өрх  байгаа бөгөөд малчин өрхийн тоо өмнөх оноос 211 өрх буюу 7.5 хувиар өслөө.

Холбоотой мэдээ