“Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг ТББ-ууд хянах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-12-07 18:04:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад сүүлийн жилд нийтдээ 549 булаг шанд, горхи ширгэсэн талаар байгаль орчны ТББ-уудын чуулган дээр мэдээллээ. Эдгээр нь нийт усны багагүй хувийг эзэлж буй боловч Монгол шиг хагас хуурай, эко систем эмзэг оронд дээрх тооны гол горхи, булаг шанд ширгэх нь аюултай юм.


Энэ талаар чуулганы төлөөлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн байгаль хамгаалагч С.Чинзориг хэлэхдээ, “Байгалийн хамгийн гоё үзэмж төгөлдөр хосолсон, усны эх газруудад алтны судал байдаг. Тиймээс ч монголчууд газрын гагнаас алтаар оролдож болохгүй хэмээн өвөг дээдсээс уламжлан захиж хэлж ирсэн нь цаанаа ус, цэвдэгээ хамгаалж буй, сэтгэлгээний соёлоор дамжуулан сануулж буй хэрэг юм” гэдгийг тодотгож байв.




Байгаль орчин хохирлын талаар Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн тэргүүн Б.Эрдэнэ хэлэхдээ, экологи эдийн засгийн үнэлгээгээр төлбөрийг нь авч, төлж буй боловч сүйтгэсэн байгаль орчноо нөхөн сэргээх дээр анхаарч ажиллах хэрэгтэйг онцолж байлаа. Уул уурхайн 256 компанид экологийн үнэлгээ хийж үзэхэд 1.8 их наяд төгрөгийн хохирол гарчээ. 2011 оноос эхлэн тогтоосон энэ хохирлын төлбөрийг гаргуулах үйл явц шүүх, хуулийн байгууллага дээр өнөөдрийг хүртэл шийдэхгүй явж ирснийг цохон тэмдэглэж байв. Тиймээс экологийн үнэлгээ болон нийгэм, эдийн засагт нөлөөлөх хохирлын үнэлгээг тооцох аргачлалыг олон улсын стандартаар гарган мэдээлж, энэ талын мэдээлэл, боловсролыг олон нийтэд олгож ойлгуулж байх нь чухал гэдгийг онцолж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан өрнүүлж буй “Тэрбум мод” тарих хөдөлгөөний талаар чуулганы төлөөлөгчид, мод тарихын хувьд манай улс усныхаа нөөцийг тогтоосон байх учиртайг нэгэн дуугаар онцолж байлаа. Нэг тэрбум мод тарихад асар их ус шаардах бөгөөд усны нөөц багатай, экологийн эмзэг орны хувьд дээрх ажлыг усны сан, нөөц, цэвдгээ хамгаалахтай зэрэгцүүлэн экосистемийн цогц үйл ажиллагаа болгон явуулахыг сануулж байлаа. Тиймээс “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний үйл явц, үйл ажиллагааг байгаль орчны ТББ-уудаар хянуулах саналыг гаргаж байв. Усныхаа нөөцийг тогтоож шийдсэнээр цэнхэр алт болох усаа хамгаалж, “Ногоон хэрэм”-ийг бүрдүүлж амжилттай босгоно гэдгийг Усны үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Насанбаяр онцолж байв.




Экологийн цагдаагийн албаны урьдчилсан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг олон нийтэд чиглэсэн олон аяныг байгаль орчны ТББ-уудтай хамтран иргэдийг харуулан хэрэгжүүлснийг чуулган дээр танилцууллаа. Байгаль орчны ТББ-уудтай хамтран ажилласнаар эклогийн гэмт хэргийн илрүүлэлт 2 дахин өсөж, хохирол нөхөн төлүүлэлт 6 дахин нэмэгдсэн талаар мэдээллээ. Тэрээр, ЦЕГ-ын харьяа Экологийн цагдаагийн алба байгалийн баялаг ихтэй аймгуудын 65 суманд ажиллаж буйг дуулгалаа.

Чуулганы үеэр БОАЖЯ-наас байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Хөвсгөл далай ээж" ТББ-ын тэргүүн Ж.Оюумаад Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдэг, М.Дуламжав, Т.Болдбаатар, Г.Чинбат, Ж.Цээпилмаа нарт Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдэг олголоо.



 

Холбоотой мэдээ