Өрхийн орлогын бүтэц

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-12-06 12:53:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021 оны 3 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.6 сая төгрөг болсон. Энэ нь 2020 оны 3 дугаар улиралтай харьцуулахад 123700 төгрөг, энэ оны 2 дугаар улирлаас 93500 төгрөгөөр нэмэгджээ гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээлжээ.


Энэхүү мэдээлэлд “Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2021 оны 3 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, 2020 оны мөн үеэс 15.8 мянган төгрөгөөр буюу 1.3 хувиар буурсан. Гэвч энэ оны 2 дугаар  улирлаас 46.2  мянган төгрөг буюу  4 хувиар нэмэгдсэн. Бодит нийт орлого 2 дугаар  улирлаас 4 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 51.7  мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ” гэсэн тайлбар хийсэн байна. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого нэмэгдэхэд тэтгэвэр, тэтгэмжийн орлого, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын нэмэгдэл нөлөөлжээ. 

Тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 8.8 нэгж хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 1.2 нэгж хувиар нэмэгдсэн байна. Мөнгөн орлогоор нь өрхүүдийг бүлэглэн авч үзэхэд 2021 оны 3 дугаар улиралд 2020 оны мөн үеэс 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 20.4 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 14.2 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 6.0 мянгаар, 700.0- 900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 5.0 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 4.0 мянгаар буурсан бол 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 15.5 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 11.1 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 34.3 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 1.8 мянгаар тус тус нэмэгдсэн байна.


Улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар улирлын байдлаар сард 500.0-900.0 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 61.3 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 13.3 нэгж хувиар нэмэгдсэн байна


Ойлголт, тодорхойлолт: Өрх гэдэгт нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээт зүйлсээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүс болон ганц биеэрээ өрх болон амьдардаг хүнийг хэлнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо ураг төрлийн, хамаатан садны холбоотой, бүх гишүүн болон зарим гишүүн нь огт хамааралгүй эсвэл эдгээрийн аль алинаас бүрдсэн байж болно.

Өрхийн мөнгөн орлого: Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого болон бусад орлогоос бүрдэнэ.

Холбоотой мэдээ