“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-27 19:21:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо.


Ардын Засгийн газраас Судар бичгийн хүрээлэнг байгуулах нугалбар бичгийг 1921 оны 11 дүгээр сард Богд хаанд өргөн мэдүүлж, хүрээлэнгийн захирлаар Онхуд овогт С.Жамьян гүнг томилон ажиллуулснаар манай улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллагын суурь тавигджээ.


Өнгөрсөн 100 жилд Монгол хүн сансарт нисэж, персонал компьютер угсарч үйлдвэрлэн, экспортод гаргаж, их энергийн физикийн туршилтын үр дүнг боловсруулахад онолын шинэ үр дүнг бий болгож, Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлснийг, монгол угсаатан хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоож, 2500 жилийн настай археологийн олдвор, манай орны биологийн олон янз байдал, экосистем, биологийн нөөц зэрэг чиглэлээр судалгаа хийж, ард түмний амьдрал ахуй, улс орны хөгжлийг хурдасгасан үр дүнг гаргасан юм.


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүндэтгэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Цаашид уламжлал, шинэчлэлийг хослуулан, эрдэм шинжилгээ, судалгааны менежментийг боловсронгуй болгож, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр салбарын хөгжлийг дэмжих, шинжлэх ухаан, технологи, инновацын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор, технологи, инновацын кластер, шинжлэх ухааны парк, салбар дундын лаборатори байгуулах зэрэг шаардлагатай дэд бүтцийг бий болгон, судалгааны орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий эрдэмтэн судлаачдын ажиллах таатай нөхцөл бүрдүүлнэ гэдгийг онцоллоо.


УИХ-ын дарга Г.Занданшатар шинжлэх ухааны түүхт ойн баярын үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар илгээлт ирүүлжээ. Энэ үеэр “Монгол Улсын шинжлэх ухааны тогтолцооны хувьсал”, “Бүтээлч санаачилга ба төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” зэрэг олон илтгэлийг хэлэлцэв.

 

Холбоотой мэдээ