Монгол хэл, бичгийн багш нар чадавхжуулах сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-23 17:15:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 01 тоот албан даалгавар хэрэгжүүлэх хүрээнд монгол хэл, бичгийн багш нарыг чадавхжуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. 

Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр зохион байгуулсан тус сургалтад Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Ү.Ариунболд, Хэл бичгийн ухааны доктор Д.Соронзон нар оролцож цахим үзүүлэн, хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй болон монгол бичгийн хичээлийг зааж сургах арга зүй сэдвээр сонирхолтой, өгөөжтэй мэдлэг мэдээлэл өглөө хэмээн зохион байгуулагчдаас онцлон танилцуулав.

Мөн аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Ж.Дэлгэрмаа, зөвлөх багш Л.Наранжаргал, тэргүүлэх багш Н.Эрдэнэсувд нар үзүүлэх хичээл хөтлөн явуулж, хэлэлцүүлэг хийн, ЭЕШ-ын монгол бичгийн даалгаварт суурилсан зөвлөгөө өгч, мэргэжлийн тайлбар хийсэн юм. Багш нар харилцан туршлага солилцож хамтран хөгжсөн тус сургалтын үр дүн сайн, оролцогчдын сэтгэл ханамж өндөр байсан тухай ч хэлж байлаа.

Сургалтыг Говь-Алтай аймгийн ЗДТГ, Боловсролын газар, Соёлын хэлтэс, Насан туршийн боловсролын төв, Хэлний бодлогын салбар зөвлөлийн ажлын баг хамтран зохион байгуулсан юм. Сургалтын төгсгөлд Боловсролын газрын дарга Ж.Амгаланбаатар, Соёлын хэлтсийн дарга С.Цагаанбаатар нар хамрагдсан багш нарт ном, гарын авлага хэрэглэгдэхүүний багцыг гардуулан өглөө.


Холбоотой мэдээ