Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн "Старт-ап-2021" ялагчаар 2 баг тодорлоо.

Орон нутагт | Төв
tuv@montsame.mn
2021-11-23 21:58:01

Төв /МОНЦАМЭ/ Залуусаар удирдуулсан шинэлэг гарааны бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох зорилтын дагуу Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” үйл ажиллагааг энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нээлттэйгээр зохион байгууллаа.


“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд тус үйл ажиллагаанд нийт 8 төсөл ирсэн хэдий ч оролцогч 4 баг төслөө эргүүлэн татаж, шинэ гарааны бизнесийн 4 санааг танилцууллаа.

Төв аймгийн хэмжээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 216,8 сая төгрөгөөр гарааны бизнес эрхлэгчдийг дэмжсэн байна.


Тус хөтөлбөр нь 2017 оноос эхлэн МСҮТ-ийн төгсөгчдөд төгссөн мэргэжлийн чиглэлээр бизнес эрхлэхэд санхүүгийн дэмжлэг олгож эхэлсэн бөгөөд 2018 оноос гарааны бизнесийг дэмжих ажил болон өргөжсөн байдаг. МСҮТ-ийн суралцагч нарт 2019 онд мөнгөн дэмжлэг үзүүлдэг болсонтой холбогдуулан тус сургуулийн төгсөгч нарын оролцоог зогсоож, зөвхөн гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудад зориулан 10 хүртэл сая төгрөгийг 100 хувь эргэн төлөлттэй хүүгүй, барьцаагүй олгож эхэлсэн. Энэ жилийн хувьд нээлттэй зохион байгуулсан бөгөөд санхүүгийн дэмжлэг нь хүүгүй, барьцаагүй, 100 хувь эргэн төлөлтгүй олгож байгаагаараа онцлогтой байна хэмээн Төв аймгийн ХХҮГ-ын дарга Д.Батцэцэг нээлтийн үгэндээ хэлсэн юм.


Тус үйл ажиллагааны шүүгчээр мэргэжлийн таван хүн ажилласан бөгөөд шинэ гарааны бизнес төслийг шалгаруулахдаа шинэлэг байдал, өвөрмөц санаа, бизнесээ хөгжүүлэх боломж, эрсдэл, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг  зөв тодорхойлсон зэрэг шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн юм. Ингээд 2021 оны тус хөтөлбөрийн ялагчаар Зуунмод сумаас оролцсон “Зуузайхан”, болон “Номуулан” төслөөр оролцсон 2 баг шүүгчдийн оноолт тэнцэж шагналын сан болох 10 сая төгрөгийг хувааж ашиглахаар болсон юм.

 

Холбоотой мэдээ