Монгол Улс ЮНЕСКО-гийн хоёр зөвлөлийн гишүүнээр ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-22 17:41:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (International Programme for the Development of Communication)-ийн Засгийн газар хоорондын зөвлөл, Статистикийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүнээр 2021-2025 онд ажиллана.


Тодруулбал, энэ сарын 9-24-нд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо болж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр ээлжит чуулганы үеэр дээрх хоёр зөвлөлийн гишүүний сонгууль болж, Монгол Улс сонгогджээ.


ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр нь хөгжиж байгаа болон шилжилтийн үеийн улс орнуудад олон ургальч, чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллага бий болгох, улмаар боловсон хүчин, техникийн нөөц бололцоог нь сайжруулах зорилготой юм. Монгол Улсыг төлөөлөн 2021-2025 онд тус зөвлөлд “Глоб Интернэшнл” төвийн удирдах зөвлөлийн тэргүүн Х.Наранжаргал ажиллах аж. Тэрээр дээрх хөтөлбөрийн Товчооны дэд даргаар 2016-2018 онд сонгогдон ажиллаж байсан туршлагатай.


ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэн нь Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилго буюу чанартай боловсрол болон ЮНЕСКО-гийн бусад салбарын статистик мэдээллийг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг. Удирдах зөвлөлийн үндсэн үүрэг нь хүрээлэнгийн бодлого, өргөн хүрээний чиг үүргийг тодорхойлох, байгууллагын жилийн хөтөлбөр, төсвийг батлах, үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ хийх, зааварчилга өгөх чиглэлээр ажилладаг. Монгол Улсыг төлөөлөн 2021-2025 онд уг зөвлөлд ҮСХ-ны Тооллого, өгөгдөл шинжилгээний газрын дарга, доктор Ш.Ариунболд ажиллана.

Холбоотой мэдээ