Винод Ахужа: Өлсгөлөнд нэрвэгдсэн хүнгүй ч Монголд хүнсний аюулгүй байдал эмзэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хоол тэжээлийн хомсдол үүсэж, өлсгөлөнд нэрвэгдсэн хүн байхгүй ч хүнсний аюулгүй байдал эмзэг байгааг НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Ахужа Винод онцлов.
Тэрбээр өнөөдөр НҮБ-ын
Ази-Номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикийн комиссын 29 дүгээр хурлын
талаар зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр ийнхүү тэмдэглэсэн юм.
Түүнчлэн, “Монгол
Улсын хувьд худалдан авч байгаа бүтээгдэхүүний гарал үүслийн талаар мэдээлэлгүй.
Жингийн илүүдэлтэй хүн олшрох хандлагатай тул эрүүл хүнс, эрүүл хооллох
шаардлагатай дүгнэлт гарсан. Мөн, жимс, нарийн ногооны хувьд импортоос
хамааралтай нь асуудал юм. Хөдөө аж ахуйн салбарт одоогийнхоос илүү олон хүнийг
ажлын байртай болгох боломж бий. Иймд бодлогын түвшинд зөв, шинэлэг инновац
нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн салбарт ямар техник, технологи таарахыг зөв сонгоход
анхаарах хэрэгтэй” хэмээлээ.
ГХЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, Үндэсний статистикийн хороо хамтран энэ сарын 22-25-нд цахимаар зохион байгуулж байгаа хуралд Ази-Номхон далайн бүсийн 31 улсын 300 гаруй төлөөлөгч оролцож байна. Оролцогчид байгаль орчин, мал, амьтан, газар тариалан, ойн аж ахуй, загас, ан агнуур, хүнсний аюулгүй байдлын талаарх бодлого шийдвэрт шаардлагатай тоон мэдээллийг тооцоход олон улсын туршлага, шинэлэг арга аргачлалыг хэлэлцэж байна.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа
ярихдаа, “Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын ДНБ-ий 13, экспортын 6, ажиллах
хүчний 24 хувийг бүрдүүлдэг. Мөн хүн амын 32 хувь нь хөдөө орон нутагт амьдарч
байна. Иймд энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах замаар бүтээмжийг нэмж,
байгаль цаг уурын өөрчлөлтийг даван туулах чадварыг сайжруулах, хөдөөгийн
иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Хөгжлийг хэмжих шалгуур үзүүлэлтийг
илүү богино хугацаанд гаргасан, нарийвчилсан тоон мэдээллийн эрэлт нэмэгдэж
байгаа”-г тэмдэглэв.
Манай улсын хувьд
“Ухаалаг засаг” төслийн ачаар баг, хороодоос авдаг байсан газар тариалангийн мэдээллийг
сансрын зураг, дрон ашиглан хэчнээн га газарт ямар ногоо тариалж байгааг тухай
бүрд нь мэдэх боломжтой болжээ. Туршилтын судалгаа амжилттай болбол тариалсан
талбайн аль хэсэгт ус хэрэгтэй, ямар тоног төхөөрөмж хэрэглэх боломжтойг
тодорхойлоход хялбар болох юм.
Монгол Улс уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөн, нүүдэлчин соёл уламжлалтай, хот хөдөө хосолсон амьдралын хэв маягтай. Хөдөө аж ахуйн салбарын тоон мэдээллийг 1918 оноос эхлэн цуглуулж, мал тооллогыг жил бүр хийж ирсэн. Газар тариалангийн салбарын мэдээллийг ч жил бүр гаргадаг. Ирэх онд 10 жил тутам зохион байгуулдаг хөдөө аж ахуйн салбарын тооллого хийхээр бэлтгэлээ хангаж байна.
“Тогтвортой
хөгжлийн зорилго”, “Алсын хараа 2050” хөтөлбөрийн үзүүлэлтийг тооцох, үнэн зөв,
бодит мэдээллээр бодлого боловсруулагчдыг хангахад статистикийн байгууллагын
үүрэг нэмэгдэж байгаа энэ үед нэгдсэн аргачлалаар НҮБ-ын ХХААБ-тай нягт хамтран
ажиллах шаардлагатай байгаа аж.