Нийт бэлчээр усжуулалтыг 58 хувьд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-17 16:53:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт бэлчээр усжуулалтыг 58 хувьд хүргэнэ гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 

Аймгийн нийт бэлчээрийн 54,7 хувийг усжуулсан. Аймгийн хэмжээнд 6546 малчин өрхийн 2,9 сая гаруй толгой мал 5000 бэлчээрийн худгаас ус ууж байна. Нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 - 3700 толгой мал ундалж, нэг худгаас ус уух малын тоо стандартаас 2-3 дахин хэтэрчээ. Отор нүүдлийн үед нэг худгаас 5000-10000 мал уухаар бөөгнөрч, худаг ус хүрэлцэхгүй, ус худаг шавхах асуудал үүсч байна. 

Аймгийн хэмжээнд бэлчээр усжуулалтын 2 аяныг өрнүүлж, 2021 онд 109 инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, сэргээн засварлахаар төлөвлөсөн. Үүнээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 61 худаг шинээр гаргах ажилд 5 аж ахуйн нэгж, инженерийн хийцтэй 30 худаг засварлах засварын ажилд 2 аж ахуйн нэгж шалгаран ажиллаж байна. Мөн "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн хөрөнгө оруулалтаар отрын бүс бүхий 9 суманд 18 инженерийн хийцтэй худаг шинээр гаргах ажилд нэг аж ахуйн нэгж шалгарсан. Худаг гаргах ажлууд 80 гаруй хувьтай байна. Энэхүү ажлын үр дүнд 1185,0 мянган га бэлчээрийг шинээр усжуулж, 45.0 мянган га бэлчээрийг сэргээж, 500 гаруй өрхийн 390.0 мянган мал найдвартай усны эх үүсвэртэй болох юм. 

Холбоотой мэдээ