Б.Мөнхжин: БНХАУ хилийн тэг цэг дээр чингэлэг солилцох санал тавьсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-11-16 12:44:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-ын хилийн Эрээн боомтттой холбоотойгоор манай улсын хил, гааль, экспорт-импортын тээвэрлэлтийн байдлын талаар өнөөдөр мэдээллээ.

Тэрээр хэлэхдээ, Эрээн хотод хөл хорио хэвээр үргэлжилж байна. Сүүлийн гурван хоног тус хотод халдварын тохиолдол илрээгүй. Эрээн хотын боомтын удирдах ажилтнуудаас манайд ирүүлсэн санал хүсэлтэд халдвар илрэхгүй 20 хоновол хилээ түр хугацаанд нээж, бараа материал хил дээр түгжигдсэн ачаа контейнерүүдийг солилцохоор хоёр талаасаа тохиролцсон. Тодруулбал, дээрх нөхцөлд Хятад улсын талаас халдвар хамгааллын дэглэмээ сахин хоёр улсын тээврийн жолооч нарыг хоорондоо хавьцахгүйгээр хилийн тэг цэг дээр ачаа барааны чингэлгүүдийг солилцъё гэсэн санал тавьсан.



Энэ бол хоёр улсын хил хооронд барааны эргэлтийн хэмжээг яаж нэмэгдүүлэх вэ гэсэн БНХАУ-ын талаас тавьж буй санал юм. Бид тус улсын Эрээн боомтоос ирүүлсэн дээрх саналыг хүлээн авч 19 хоногийн дотор жолооч нараа бэлтгэн хилийн цэгийн талбайг засах зэргээр зохион байгуулна. Ингэснээр Эрээн-Замын-Үүдийн хоорондох автотээврийг үргэлжлүүлэн хийх боломжтой болно гэв. 


Сүүлийн өдрүүдэд ажиглаж байхад Эрээнд коронавирусний тохиолдол илрээгүй. Тиймээс Хятадын тал тус хилийн автозамын боомтоор хийх тээвэрлэлтийн бэлтгэл ажил руугаа шуурхай орох байдалтай байгаа. Энэ талаар бид мөн Эрээн хотын талтай ярьж тохироод байна. Дундын бүсийг хамтран тохижуулах гээд Хятадын талтай хамтран хийх ажил байгаа гэв. Манай улс хүнсний нарийн ногоог одоогоор урд хөршөөс галт тэргээр тээвэрлэж байна. Хүнсний бараа, бусад бүтээгдэхүүнээр тасалдах байдал гарахгүй. Зохион байгуулалтын ажлаа хоёр талаас сайн хангавал манай улсын экспорт-импортын тээвэр хэвийн явагдах боломжтой болно гэв. 

Холбоотой мэдээ