Төрийн албаны шалгалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалт Архангай аймагт эхэллээ. Шалгалт өгөхөөр нийт 243 иргэн бүртгүүлсэн. Нэг ээлжиндээ 35 иргэн шалгалт өгнө. Одоогийн байдлаар шалгалтдаа ирээгүй юмуу өөр ямар нэг зөрчил илрээгүй байна.
Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхөөс гадна зөрчил гаргахаас сэргийлж, оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулж байна.
Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг, нийслэлийн шалгалтын үйл ажиллагааг цахимаар хянаж байна. Шалгалт 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд МУБИС-ийн Архангай дахь салбар сургуулийн 214, 215 тоот танхимд ээлжээр хуваарийн дагуу зохион байгуулах юм.