АН-ын бүлэг: Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн төслийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-15 12:19:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.


Уг бүлгийн шийдвэрийг тус бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар хэвлэлийн хурал хийж танилцууллаа.


АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, “Монгол Улсад нэг сая жолооны үнэмлэх авсан иргэн байгаагаас 630 мянга нь даатгалд хамрагдаж байна. Тиймээс бид даатгалын асуудлыг ярих цаг болсон. Хэдийгээр хувийн хэвшлийг дэмждэг ч одоо ажиллаж байгаа 17 компанийн үйл ажиллагаа шаардлагад нийцэхгүй байна. Тиймээс энэ салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай. Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг МАН бүлэг дэмжиж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Энэ бүлэг байр сууриа тодорхой болгох шаардлагатай гэдгийг манай гишүүд хурлын үеэр онцолж байсан” гэлээ.


Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал, “Монгол хүн бүр өөрийн гэсэн өмчтэй байх, түүнийгээ хамгаалуулах эрхтэй. Даатгал бол хүн бүрийн хөрөнгийг хамгаалах ёстой юм. Монгол Улсад албан журмын даатгалын хууль 2011 онд батлагдсан. Шинэчилсэн найруулгын төслийн зорилго иргэн бүр, жолооч бүр сайн дураараа даатгалаа төлдөг болоход чиглэж байгаа. АН чөлөөт зах зээлийг дэмжинэ. Гэхдээ энэ хуулийг цаг хугацааны хувьд арай эрт өргөн барилаа гэж харж байна” гэв.


Монгол Улсын Үндсэн хуульд иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж заасан. Гэвч Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн дээрх заалттай зөрчилдөж байгаа. Тиймээс АН-аас О.Цогтгэрэл, МАН-аас Н.Учрал гишүүн Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тиймээс дээрх хоёр хуулийн төслөөр нийтийн сонсгол хийхээр төлөвлөж, УИХ-ын 35 гишүүн гарын үсэг зурсан гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат онцолсон юм.

Холбоотой мэдээ