Тарваганы тулам худалдахаар завдсан иргэдийг 12.6 сая төгрөгөөр торгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-19 13:54:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хүн, мал амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоонд 24 цагийн хяналт тавьж байна.


Шалган нэвтрүүлэх товчоодод 30 удаагийн тохиолдлоор нийт 98 ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэж явсан зөрчил, хот доторх хяналтаар 12 удаагийн тохиолдлоор 51 ширхэг тарваганы түүхий тулам худалдаж, худалдан борлуулахыг завдсан зөрчлийг илрүүлсэн байна.


Тарваганы түүхий тулмуудыг ЗӨСҮТ-д шилжүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 заалтуудыг үндэслэн “Экологи-Эдийн засгийн үнэлгээгээр”

Эр тарвага – 170 000 x 2 = 340 000 төгрөг,

Эм тарвага – 200 000 x 2 = 400 000 төгрөгийн үнэлгээгээр тооцон, нийт 12 600 000 төгрөгийн торгууль, 45 078 000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус оногдуулсан байна.


Мөн зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлсийг хураан авч улсын орлого болгох хуулийн зүйл заалттай байдаг. Иймд хууль бусаар тарвага агнах, барих, түүний гаралтай түүхийг эдийг худалдах, худалдан авах, хот суурин газарт оруулах зэрэг зөрчил гаргахгүй байхыг анхаарууллаа.


 Ташрамд дурдахад, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглосон билээ. 

Холбоотой мэдээ