Хоёр орны хүүхдүүдийн зугаатай өдрүүд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-06 17:28:06

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны Ухуулга сурталчилгааны хэлтэс Дорнод аймгийн ЗДТГ-тай хамтран хоёр орны хүүхдүүдийн зуны амралтыг ая тухтай өнгөрүүлэх зорилгоор хүүхдийн зусланг жил бүр ажиллуулдаг.

Өнгөрөгч сарын сүүлчээр эхний ээлжийн хүүхдүүдийг Шинэ барга баруун хошууны төв Алтан-Эмээлд хүлээн авав. Энэ ээлжинд тус хошуунаас 40, Дорнодоос 38 сурагч амарч, 4 өдрийн турш тэд хамтдаа байж, дотносон танилцаж найз нөхөд болцгоов. Тэд “Утааны бохирдлын эсрэг эрүүл мэндээ хамгаалан сэтгэл өөдрөг амьдарцгаая” уриан дор явган аялал зохиож, голын эрэг хавийн хог хаягдлыг цэвэрлэн эх байгалиа хамгаалах ажилд гар бие оролоцсон байна. Хүүхдүүд баргын музейтэй танилцан, хошууны дурсгалт газруудаар явж хамтдаа зургаа татуулж, ногоон байгалиа хамгаалах буухиа тэмцээнд оролцлоо. Хоёр орны хүүхдүүд урлагийн хамтарсан тоглолт бэлтгэн олон түмэнд сонирхуулав. Хошууны “Буяны үйлс” холбооноос зуслангийн үйл ажиллагаанд зориулж 10 хөлбөмбөг, 10 ширээний гэрэл бэлэглэлээ.

Жил бүрийн энэ ажлыг ШББХ-ны Эмэгтэйчүүдийн холбоо, Байгал орчныг хамгаалах товчоо, Гадаад албан гэр, Залуучуудын байгууллага, Замын цагдаа, Дотоодыг хамгаалах товчоо, нэгдүгээр бага сургууль зэрэг байгууллага дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн.

Хоёр орны хүүхдүүдийн зуслангийн хоёр дахь ээлж Дорнод аймгийн төв Чойбалсан хотод энэ сарын дундуур эхлэх юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ