Нөхөн сонгуулийн ирц 20.1-23.2 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн ирц 16.00 цагийн байдлаар 20.1-23.2 хувьтай байгааг СЕХ-ноос мэдээлэв.
Тодруулбал, Хэнтий аймагт санал өгөх бүртгэлтэй 50 748 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 747 иргэнээс 10 641 буюу 20.1 хувь нь санал өгчээ. Харин Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд санал өгөх 113 398 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 9 036 сонгогч байгаагаас 26 508 буюу 23.2 хувь нь санал өгөөд байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, “Нөхөн сонгууль дуусахад 5 цаг үлдээд байна. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахад УИХ-аас 2.2 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Сонгууль зохион байгуулахад 2500 орчим төрийн албан хаагч ажиллаж байна. Иймд 18, 28 дугаар тойргийн иргэдийн идэвхтэй байж, төрд өөрийгөө төлөөлөх хүнийг сонгохыг уриалж байна. Хэрэв сонгуулийн ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт зохион байгуулж, төсөв хөрөнгө зарцуулах нөхцөл байдал үүснэ” гэлээ.
Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд ирцийн дараагийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос 21.00 цагт танилцуулах юм.
Ташрамд дурдахад, СЕХ-ноос нөхөн сонгуулийн санал хураалтын ирцийг https://turnout.gec.gov.mn/ хаягаар шууд дамжуулан хүргэж байна.