Нийт транзит ачааны 74.3 хувийг ОХУ-аас БНХАУ руу тээвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khandmaa@montsame.gov.mn
2021-10-05 16:23:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 9 сарын байдлаар, “УБТЗ” ХНН нийт 23.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 1.5 сая тонноор илүү байна. Үүнийг төрлөөр нь тооцож үзвэл орон нутгийн 9.1 сая тонн, экспортын 9.0 сая тонн, импортын 2.4 сая тонн, транзит буюу дамжин өнгөрөх 3.2 сая тонн ачаа тус тус тээвэрлэжээ.

        БНХАУ руу экспортоор 8.6 сая тонн, ОХУ  руу 1.7 тонн ачаа ачигдсан ба нийт экспортын 98 хувь нь БНХАУ руу ачигдсан байна. Тухайлбал, нүүрс  1.6 сая тонн, төмрийн хүдэр 6.1 сая тонн, зэсийн баяжмал 479 692 тонн, жонш 559 484 тонн, мөнгөний баяжмал 102171 тонныг  Замын-Үүд боомтоор  өгсөн байна.

     

Монгол Улсыг БНХАУ-ОХУ, Ази-Европыг холбосон  транзит тээврийн гол коридорын нэг болгохын төлөө чармайн ажиллаж байгаа “Улаанбаатар төмөр зам” ХНН 2021 оны эхний 9 сарын байдлаар ОХУ-аас БНХАУ руу 2.4 сая тонн, БНХАУ-аас ОХУ руу 839 936 тонн ачаа тээвэрлэснээс нийт транзит ачааны 74.3 хувийг  ОХУ-аас  БНХАУ руу   тээвэрлэсэн байна.


Тухайлбал, 1.3 сая тонн транзит чингэлэг, 646 001 тонн мод, 338122 тонн целлюлоза, 26036 тонн үр тариа, 95293 тонн бусад ачааг тус тус тээвэрлэжээ. ОХУ-аас БНХАУ транзитаар нүүрс тээвэрлээгүй байна.

        БНХАУ-аас ОХУ руу транзит чингэлэг 824 224 тонн, бусад ачаа 151 72 тонныг тээвэрлэсэн байна.

       2021 оны 9 дүгээр сарын 29-ний байдлаар Замын-Үүд өртөөнөөс Эрээн өртөө рүү нийт 3861 ачаатай галт тэрэг хүлээлгэж өгсөн нь  хоногт дунджаар 14 галт тэрэг гэсэн үг юм. Энэхүү 14 галт тэргийг задлан үзвэл, төмрийн хүдэр ачсан 6, нүүрс ачсан 1.5, зэс, цайр, мөнгөний баяжмал ачсан 1.5, экспортын чингэлэгтэй  1, транзит ачаатай 4 галт тэрэг байна. 

“Улаанбаатар төмөр зам” ХНН халдварт цар тахлын хүнд үед  төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг ханган ажиллахын төлөө 24 цагийн турш чармайн ажиллаж байна. 

                                                                                                                                                                Гэрэл зургийг Б.Тэмүүлэн

 

Холбоотой мэдээ