Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-10-02 10:44:33

ТОКИО. /NHK/. Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргал зодог тайлах шийдвэрийг огтхон ч эргэлзэлгүйгээр гаргасан бөгөөд одоо сэтгэл минь ихэд уужраад байна хэмээн ярилаа.


Тэрбээр 20 жил барилдсан сүмо бөхийн дэвжээнээсээ зодог тайлж, Магаки цолыг хүртсэнийхээ дараа баасан гарагт дэвжээний багш Миягиногийн хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ийнхүү хэлжээ.


Хакүхо 20 жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн мэт санагдаж буйг онцлоод, өөрийгөө сүмод сэтгэлээ өгсөн аз жаргалтай нэгэн хэмээн тодорхойлов. Тэрбээр дэвжээгээ орхих эцсийн шийдвэрээ энэ оны долоодугаар сарын Нагоя башёгийн 10 дахь өдөр гаргасан байна.


Магаки өнгөрсөн оны наймдугаар сард өвдгөндөө мэс засал хийлгэж, түүний дараа коронавирусээр халдварлаж, энэ оны гуравдугаар сард өвдгөндөө дахин мэс засал хийлгэсэн юм. Тэрбээр сүүлийн башёгийн үеэр олон зорилтыг дэвшүүлээд байсан ч өвдөгний бэртлийн улмаас зодог тайлахад хүрснээ ярьжээ.


Хакүхо Нагоя башёд өрсөлдөхдөө хоёр оронтой тоо бүхий даваа авахыг зорьж, энэхүү зорилтдоо хүрсэн 10 дахь өдрөө дэвжээний багш, арын албаныханд зодог тайлна гэдгээ хэлсэн байна. Тийнхүү өвдөгний бэртлийн улмаас ямар ч эргэлзээнгүйгээр энэхүү шийдвэр гаргаснаа нэмж хэлжээ.


Мөн хэвлэлийн бага хурлын үеэр Хакүхо дэвжээний багшдаа талархал илэрхийлээд, “ояката” дасгалжуулагч болохын төлөө бүхнийг эхнээс нь суралцана гэлээ. Тэрбээр дээд зиндааны 84 башёд Ёкозүна цолтой барилдан 45 удаа түрүүлэн дээд амжилт тогтоож, нийт 1187 даваа авсан билээ. 

Холбоотой мэдээ