Financial Times: “Rio Tinto” хөндлөнгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-09-30 13:50:21

ЛОНДОН. /Financial Times/. Rio Tinto” компани Монгол Улс дахь зэсийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг тодруулсан хөндлөнгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, алдаатай менежмент бус геологийн хүнд нөхцөл нөлөөлсөн гэх тайлбарыг дахин өгчээ.


Оюу толгойн төсөл дээр хамтран ажиллаж буй “Rio Tinto”-гийн түншүүдийн томилсон Хөндлөнгийн зөвлөх бүлгийн өнгөрсөн сард гаргасан тайланд далд уурхайн ашиглалтад орох хугацаа ойролцоогоор хоёр жилээр хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсний үндсэн шалтгааныг буруу менежменттэй холбоотой хэмээн дүгнэсэн юм.


Харин Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хаягласан захидалдаа “Rio Tinto”, Засгийн газар уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсонд сэтгэл дундуур байгааг ойлгож байгаа ч чулуулгийн байдал урьдчилан таамаглаж байснаас зөрүүтэй байсан нь уурхайн зураг төслийг дахин гаргахад голлох нөлөө үзүүлснийг хөндлөнгийн шинжээчид сайтар нягтлаагүйг онцолжээ.


Rio Tinto”-гоос өгч буй энэхүү хариу нь Оюу толгойн асуудалд илүү ил тод байхыг шаардаж буй Монгол Засгийн газар болон компанийн хооронд үүсээд буй маргааныг улам хурцатгаж болзошгүй юм. Мөн АНУ, Их Британийн санхүүгийн байгууллагууд далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал хэтэрсэнтэй холбогдуулан “Rio Tinto”-гийн зүгээс хийсэн мэдэгдлүүдийг нарийвчлан шалгаж буйтай давхцаж байна.


“Хөндлөнгийн тайланд геотехникийн нөхцөлийн төсөлд үзүүлсэн үр дагаврын талаар явцуу ойлголт өгсөнд бид санаа зовниж байна” гэж “Rio Tinto”-гийн Төслийн асуудал хариуцсан дарга Марк Дэвисийн гарын үсэг бүхий захидалд бичжээ. 

Холбоотой мэдээ