Б.Мөнхжин: Цар тахлын үед Монгол, Хятадын харилцаа олон улсад жишиг болохуйцаар хөгжсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-30 07:21:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тэргүүтэй тус яамны удирдлагууд энэ сарын 29-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойд зориулсан цахим ёслолд оролцов.


Энэ үеэр дэд сайд Б.Мөнхжин хэлсэн үгийнхээ эхэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хамт олонд БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэв. Тэрээр дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улсын ард түмэн, Засгийн газар мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биенээ дэмжин, улс орнуудын харилцаанд жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Мөн хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагааг бүрэн сэргээхийн төлөө цаашид ч хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй өнгөрсөн 72 жил Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрсэн он жилүүд байсныг онцолж,  хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


Цахим ёслолд Монгол Улсын төр, засгийн байгууллага, улс төрийн намуудын төлөөлөгч болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгч нар оролцов.

Холбоотой мэдээ