Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг ирэх сарын 1-нээс нээнэ

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-20 20:29:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монголын ресторан, зоогийн газрын холбоо, “Бэх” баар эрхлэгчдийн холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн төлөөлөлтэй уулзжээ. Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагад тулгуурлан зөвшилцөлд хүрснээр дараах шийдвэрийг гаргасан тухай Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг нээхийн дээр үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон байна. Тодруулбал:

  1. Халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлага хангасан караокег заалны дүүргэлтийг 50 хувиас дээшгүй байхаар 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Агааржуулалтын системтэй, ариутгал халдваргүйтгэлийн системтэй, дуулах микрофоныг ариутгах тоног төхөөрөмжтэй, үйлчлүүлэгч бүрд нэг удаагийн шүлсэвч буюу микрофоны масктайгаар үйлчлэх нөөцтэй байх шаардлага тавьж байгаа.
  2. Агааржуулалтын системтэй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дүрэм журмаа сайтар хангаж, халдвар хамгаалалтын дүрмээ өдөр тутамдаа баримтлан ажиллаж чадах эвэнт холлуудын үйл ажиллагааг зөвхөн суугаа хүлээн авалт, хурал, семинар зохион байгуулахыг зөвшөөрөх.
  3. Урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвшөөрөх- Агааржуулалтын системтэй, зай барих боломж бүхий талбайтай, танхим болон гадна задгай талбайд нийтэд үйлчлэхдээ болон дуучид, уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиулан ажиллах нөхцөлтэйгөөр соёл урлагийн бүхий л үзвэр үйлчилгээг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Үзвэр үйлчилгээг зохион байгуулахдаа заалны дүүргэлтийг 50 хувиас ихгүй байлгахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Дүүргүүдийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж нээх юм. Хамгийн гол нь Халдвар хамгааллын ТҮР ЖУРАМ-ын хэрэгжилтийг сайтар хангасан байхыг анхааруулжээ.


Дээрх үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл байхаар тогтсон байна. Аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд дээрх газруудыг үйлчилгээ эрхлэх бэлтгэлээ сайтар базаахыг сануулсан юм. Түүнчлэн диско буюу бүжиглэдэг баарны тухайд үйлчилгээг нээх эсэхийг одоогоор хараахан шийдээгүй байна.

Холбоотой мэдээ