Хөвсгөл аймагт 2 сургууль, 8 цэцэрлэг цахимд шилжжээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-09-20 14:21:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажиллах үеэрээ Дэлхийн банкны боловсролын чанарын шинэчлэл төслийн батламжийг 35 сургуульд өгсөн. Мөн багш нарыг ажлын байрандаа хөгжих боломжоор хангах зорилгоор багш хөгжлийн төвийг сургуулиудад байгуулж байгаа юм. Энэ жишгээр бусад аймгуудад ч мөн багш хөгжлийн төв байгуулна гэдгийг онцлов.


Тус аймгийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 16 сургууль танхимаар, 17 сургууль хосолмол байдлаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.


Хоёр сургууль халдварын улмаас цахим хэлбэрт шилжжээ. 100 хувь цахимаар хичээллэх хүсэлт гаргасан 220 орчим сурагч байна.

Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тухайд тус аймагт төрийн болон хувийн өмчийн 50 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. 9 дүгээр сарын 1-нд бүх цэцэрлэг сургалтаа эхлүүлсэн боловч халдварын улмаас цахимд шилжсэн 8 цэцэрлэг байна.
Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдлын 15 хувийг хүүхдүүд эзэлж байна. 12-17 настай хүүхдийн 91 хувь нь эхний тунд, 79 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Аймгийн хэмжээнд багш нарын 96 хувь нь хоёр тун вакцинд хамрагджээ. Боловсролын байгууллагын ус, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлын хүрээнд үндсэн хоёр багц ажил хэрэгжиж байна. Энэ хүрээнд 11 сумын 50 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно гэж БШУЯ мэдээлэв.

Холбоотой мэдээ