Номын баяр "Өдөр бүр уншъя" уриан дор эхэллээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-09-17 13:38:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар 30 дахь удаагаа зохион байгуулж буй номын баяр Өдөр бүр уншъя” уриан дор төв талбайд өнөөдөр эхэллээ.

 

Тус номын баярт дунджаар 100  гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог. 


Номын баярт Соёлын дэд сайд М.Батбаяр оролцож үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, "Үндэсний бичиг соёл, ном хэвлэл бол салшгүй үнэт зүйл. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш ном хэвлэлийн бодлогыг тэргүүн чиглэлээ болгож, ном хэвлэлийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байгаа. Үндэсний бичиг соёлоо бүх нийтийн үйл хэрэг болгох зорилгоор “Хос бичигтэн” хөтөлбөрийг эхлүүлсэн. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш ном хэвлэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж, ном хэвлэлийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлаар судалгаа хийж, баримт бичиг боловсруулж байна. Мөн хүүхдэд зориулсан номын стандарт боловсруулж, утга зохиолын агуулга чанарыг сайжруулахын тулд утга зохиол шүүмжлэлийг сайжруулах чиглэлд анхааран ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан утга зохиолын улсын уралдааны мөн зарласан байгаа. Үүн дотор утга зохиол шүүмжлэл томоохон орон зай эзэлж байгаа. Номын баярыг олон жил зохион байгуулж байгаа зохион байгуулагчид, ном хэвлэлийн зохиолч, хэвлэн нийтлэгч, түгээн дэлгэрүүлэгч Та бүхэнд номын баярын мэнд хүргэе” гэлээ. 


Номын баярын дэмжигч байгууллагаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, "Хатун" төв ажиллаж байгаа юм.


Энэ удаагийн номын баярт МОНЦАМЭ агентлаг оролцож англи, орос, хятад, япон хэлээр гардаг сониноо уншигч олонд танилцуулж байна.


Одоогоос 100 жилийн өмнө буюу 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж юм.

 

Өдөр тутам монгол, англи, орос, хятад, япон 5 хэлээр дотоод, гадаад мэдээллийн www.montsame.gov.mn цахим хуудас, долоо хоног тутам монгол бичгээр “Хүмүүн бичиг” сонин, улирал тутам хэвлэгдэн гардаг “Mongolia Today” сэтгүүл /англи хэлээр/, жил бүр шинэчлэн хэвлэдэг мэдээлэл сурталчилгаа-танин мэдэхүйн “Mongolia” ном /англи хэлээр/-ыг хэвлэн гаргаж нийтийн хүртээл болгож байна.


  Номын баяраар бүх ном 5-60 хувь хямдардаг бөгөөд цоо шинэ болон олдоц муутай ховор номуудыг ч нэг дороос авах боломж ийнхүү бүрдэж буй юм.  


Гурван өдөр үргэлжлэх номын баярт халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн, оролцогч бүр вакциндаа хамрагдаж, бага насны хүүхдээ дагуулахгүй хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид нь урьж байна.




Холбоотой мэдээ