Тандалтын шинжилгээгээр 100 хүн тутамд дунджаар 15 тохиолдол батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-09-17 18:52:17

Дорнод /МОНЦАМЭ/. Хүн амын дунд таван мянга орчим халдвартай хүн явж байх магадлалтай статистик үзүүлэлт гарчээ. Сургууль, цэцэрлэгийн багш нар, жирэмсэн эмэгтэйчүүд зэрэг зорилтот бүлгийн хүн амын дунд тандалтын шинжилгээ хийхэд 100 хүн тутамд дунджаар 15 тохиолдол батлагдсан нь дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж байгаа аж.

Дорнод аймагт коронавируст халдвар өдөрт 300-400 тохиолдлоор өсөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 8000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 5059 хүн эдгэрч, 10 хүн ковидын шалтгаанаар амиа алджээ.

Коронавирусний халдварт өртсөн иргэдээс жирэмсэн, архаг хууч өвчтэй иргэд хүндрэх тохиолдол өндөр байгаа учраас Дорнод аймаг жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамруулахад 30 хүнээс таван тохиолдол батлагдаж байсныг эмч нар жишээ татаж байна. Иймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлахыг анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ