Хэрэглэгчдийг дулааны найдвартай эх үүсвэрээр хангах боломж бүрджээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-09-15 15:22:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт дулааны станц ачааллаа дийлэхгүй болж, аймгийн төвийн хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангах боломжгүй болсон. Станцын өргөтгөлийн ажил яригдаад багагүй хугацаа өнгөрсөн ч энэ ажил 2024 оноос наашгүй болжээ. Тиймээс хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангахын тулд дөрөвдэгч эх үүсвэрийг ашиглалтад оруулсан байна.

Тодруулбал, ашиглахгүй байсан нэг зуухыг дахин сэргээжээ. Аймаг орон нутаг болон компанийн санхүүжилтээр дулааны станцын засвар болоод нэмэлт зуухнуудын тогоо, насос зэргийг иж бүрэн шинэчилсэн байна.

Ингэснээр хэрэглэгчдийг дулааны найдвартай эх үссвэрээр хангах боломж бүрдсэн байна. Улмаар аймгийн Засаг даргын хүсэлтэд үндэслэн ЭХС-ын тушаалаар 9 дүгээр сарын 15-ны өдрөөс албан байгууллага, айл өрхийг дулаанаар хангахад бэлэн болжээ.

"Дөрвөлж" компани 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 100 ажлыг хийхээр төлөвлөсөн. Одоогоор гүйцэтгэл 70 хувьтай байна. Санхүүжилт болоод бараа материалын нийлүүлэлттэй холбоотойгоор зарим ажлыг энэ ондоо багтааж хийх боломжгүй болсон. Үлдсэн ажлуудыг 10 дугаар сарын 20 гэхэд бүрэн хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэх мэдээллийг тус компанийн Ерөнхий инженер Ч.Алдарбат өглөө. 

Холбоотой мэдээ