ОХУ-ын Дипломатын академийн удирдлагууд Монголын Элчин сайдын яаманд зочлов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-09-10 07:25:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академийн удирдлагууд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд  энэ сарын 9-нд зочлов.


Энэ үеэр Элчин сайд Д.Даваа, Дипломатын академийн ректор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор А.В.Яковенко нар уулзаж, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав.


Сүүлийн жилүүдэд олон улс судлал, гадаад харилцааны мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх чиглэлд 80 гаруй жилийн туршид  тэргүүлэн ажиллаж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академид суралцах Монгол оюутнуудын тоо тасралтгүй нэмэгдэж байгаад Элчин сайд Д.Даваа сэтгэл нэн хангалуун байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж, цаашид ч монголын боловсон хүчнийг шинээр бэлтгэх болон дипломатуудыг давтан сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов.


Манай академи мэргэжлийн дипломат боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах чиглэлд ихээхэн туршлага хуримтлуулсан, энэ чиглэлд тэргүүлэх сургуулиудын нэгэнд зүй ёсоор тооцогддог гэж ректор А.В.Яковенко уулзалтын үеэр хэллээ. Тэрбээр, “Манай академи монголын мэргэшсэн дипломатуудыг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулахаас гадна Монголын түүх, соёл болон Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, боломжийг сурталчлах нэгэн талбар болох боломжтой” хэмээн тэмдэглэв.


Элчин сайд, ректор нар харилцан үг хэлсний дараа ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлж болох ажлын талаар ярилцаж, эхний ээлжинд энэ 9 дүгээр сард багтааж Элчин сайдын яаманд Дипломатын академийн оюутан сонсогч нарт Монголын соёл, монгол ахуйг сурталчлах, Монголын төрийн ёслолын дэг жаягийг таниулах арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Холбоотой мэдээ