АНУ Кабул дахь дипломат ажиллагаагаа зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. АНУ Афганистан дахь дипломат ажиллагаагаа зогсоолоо. Америкийн дипломат ажилтнууд үйл ажиллагаагаа Катарын нийслэл Доха хотоос явуулахаар болжээ.
Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гарагт Төрийн департаментад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
“Өнөөдрийн байдлаар бид Кабул дахь дипломат төлөөлөгчийн газрын ажлыг зогсоож, дипломат үйл ажиллагаагаа Катарын Доха хотод шилжүүллээ" гэж тэрбээр мэдэгджээ. "Аюулгүй байдлын салбар дахь тогтворгүй байдал, Афганистаны улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байгааг харгалзан үзвэл энэ бол болгоомжилсон алхам байсан" гэж Америкийн дипломат албаны тэргүүн хэлсэн байна.
"Манай багийг Афганистан дахь дипломат төлөөлөгчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Иан Маккари ахална" гэж Блинкен мэдэгджээ. Тэрбээр мөн Кабул дахь дипломат төлөөлөгчийн газрыг өнөөг хүртэл удирдаж байсан, Афганистан дахь АНУ-ын хэргийг түр хамаарагч Росс Вилсонд талархал илэрхийлэв.
Төрийн департаментын тэргүүний хэлснээр, "Афганистантай дипломат үйл ажиллагаа явуулах", консулын үйл ажиллагаа явуулах, хүмүүнлэгийн тусламжийн асуудлыг шийдвэрлэх, мөн Афганистаны асуудлаар холбоотон, түншүүдтэйгээ явуулах Вашингтоны ажиллагааг Доха хотоос зохицуулна.
АНУ-ын цэргүүд мягмар гарагт шилжих шөнө Афганистаныг бүрмөсөн орхиж, 20 жил үргэлжилсэн ажиллагаагаа дуусгажээ. "Талибан" хөдөлгөөний зэвсэгт дайчид (ОХУ-д хориглосон) Кабулын гудамжинд агаарт буудаж ялалтаа тэмдэглэж байна. “Америкийн цэргүүд гарч, Афганистан улс тусгаар тогтнолоо бүрэн олж авлаа гэж “Талибан”-ы төлөөлөгч Забихулла Муджахид мэдэгджээ.