АНУ Афганистаны асуудлаарх Гадаад хэргийн сайд нарын уулзалт зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-08-30 12:27:52

ВАШИНГТОН. /VOA/. Афганистанаас иргэдийг агаараар нүүлгэн шилжүүлэх ажиллагааны сүүлийн өдрүүд үргэлжилж байгаатай холбоотойгоор даваа гарагт хэд хэдэн улс орны Гадаад хэргийн сайд нар цахимаар уулзаж, Афганистан дахь дараагийн алхмуудынхаа талаар хэлэлцэнэ гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.


АНУ “гол түншүүд”-ийн уулзалтыг зохион байгуулна гэж Төрийн департаментаас ням гарагт мэдээлсэн байна. Энэхүү уулзалт нь АНУ-ын цэргүүд 20 жилийн дараа Афганистанаас бүрэн гарахаас нэг хоногийн өмнө, “Талибан” тус улсад хяналтаа тогтоосноос хоёр долоо хоног гаруйн дараа болох юм.


Уулзалтад Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, Турк, Катар, Европын Холбоо, Умарт Атлантын гэрээний байгууллагын төлөөлөгчид оролцоно гэж Төрийн департамент мэдээлсэн бөгөөд талууд ойрын өдрүүд, ойрын долоо хоногт баримтлах нэгдсэн арга барилын талаар хэлэлцэх ажээ.


Мөн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен уулзалтын дараа Афганистанд гаргаж буй АНУ-ын хүчин чармайлтын талаар сүүлийн үеийн мэдээлэл өгнө гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ.


Афганистаны нийслэл Кабул хотод өнгөрсөн пүрэв гарагт амиа золиослогч эдгээр халдлага үйлдсэнээс хоёр хоногийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дахин халдлага гарч болзошгүйг анхааруулсан юм. Түүнээс нэг хоногийн дараа АНУ Кабулд тэсрэх төхөөрөг ачсан тээврийн хэрэгсэлд агаарын цохилт өгснөө мэдэгдсэн билээ.


Пүрэв гарагт болсон халдлагын улмаас 100 гаруй хүн амиа алдсаны дунд Америкийн 13 цэрэг байжээ. Наймдугаар сарын 15-наас хойш Афганистанаас 120 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ