2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-30 10:43:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг бэлчээрийн ургац, малын тоо, талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.


Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл, долоодугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим, мөн сарын 31-нд 70 гаруй, наймдугаар сарын 10 гэхэд 80 орчим хувьд сайн гэж үнэлэгдлээ. Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд буюу Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дорнодын нийт, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатарын зарим нутгаар сайн, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу зуншлага оройтон, ургамал гандаж хатжээ.


Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 42.1 хүртэлх хувь нь бэлчээрийн нөөцтэй, 24.6 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 25 хувь нь даац 2-3 дахин, 3.6 хувь нь даац 3-5 дахин, 4.7 хувь нь даац олон дахин хэтэрсэн байв.

Өөрөөр хэлбэл нийт нутгийн 70 орчим хувьд өвөл,хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, харин 30 гаруй хувьд хэтэрчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрч гарчээ.            


Энэ жил зуншлага оройтсон говийн зарим нутгаар, малын тоо олон аймаг, сумдын нутгаар даац хэтэрчээ. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сумдад Баян-Өлгийн Булган, Дундговийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Сүхбаатарын Баяндэлгэр, 3-5  дахин хэтэрсэн сумдад Баян-Өлгийн Цэнгэл, Увсын Сагил, Ховд, Завхан, Төвийн Баяндэлгэр багтжээ. Харин нийт нутгийн 25 хувьд даац 2-3 дахин хэтэрсэн аж.


Өвөл,хаврын бэлчээрийн даац хэтэрсэн аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог багасгах зэрэг арга хэмжээг эртнээс авах шаардлагатайг ЦУОШГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ