Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд дулаан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2021-08-30 10:36:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

2021 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

 

Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 9 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-р сарын 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ . Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Холбоотой мэдээ