Дэлхийн хамгийн бага жинтэй нярай эмнэлгээс гарчээ

Дэлхийд | Сонин хачин
anudaritsagaan@gmail.com
2021-08-09 17:37:32

СИНГАПУР. /BBC/. Дэлхийн хамгийн бага жинтэй төрсөн нярайд тооцогдож буй Квек Ю Сюань охин 13 сарын турш эрчимт эмчилгээ хийлгэсний дүнд Сингапурын эмнэлгээс гарчээ.


Ердөө 212 гр буюу “нэг ширхэг алимны” жинтэй төрсөн К.Сюань 24 см урттай байжээ. Жирэмсний хугацаа ойролцоогоор 40 долоо хоног байдаг бол охины ээж түүнийг 25 долоо хоногтой байхад нь төрүүлсэн байна. 


Тодруулбал, К.Сюанийн ээж манас таталтын урьдал үе хэмээн оношлогдсон учраас амаржих хугацаанаасаа дөрвөн сарын өмнө яаралтай мэс заслын аргаар охиноо төрүүлжээ. Цусны даралт ихсэх нь манас таталтын урьдал үед хүргэдэг бөгөөд хүндэрсэн тохиолдолд амин чухал эрхтнүүдийг гэмтээж, эх, хүүхдийн хоёулангийнх нь амь насанд аюултай байдаг ажээ.


Одоо К.Сюань анх төрснөөсөө хавьгүй эрүүл болсны зэрэгцээ 6.3 кг жинтэй болжээ. Өмнө нь дэлхийн хамгийн бага жинтэй төрсөн нярайгаар АНУ-ын Сайби охин нэрлэгдэж байсан юм. Түүний хувьд 2018 онд 245 гр жинтэй төрж байсан гэж Айовагийн их сургуулийн хамгийн бяцхан нярай хүүхдийн бүртгэлд тэмдэглэжээ. 


К.Сюанийн төрсөн Сингапурын Үндэсний их сургуулийн эмнэлгийн мэдэгдсэнээр, бяцхан охины хувьд "амьд үлдэх боломж хязгаарлагдмал" байжээ. Тодруулбал, түүнийг эмнэлэгт байх хугацаанд нь олон төрлийн эмчилгээ хийж, амьдруулахын төлөө янз бүрийн эмнэлгийн аппаратад найдлага тавьсан байна. 


"Харин нөгөө талаас нь авч үзвэл, төрөх үед нь хүндрэл гарсан ч охин өөрийн тэсвэр тэвчээр, өсөлт бойжилтоороо эргэн тойрныхондоо урам зориг өгсөн тул коронавирусний цар тахал дэгдсэн хүнд хэцүү энэ үед итгэл найдварын гэрэл болсон ер бусын хүүхэд боллоо” хэмээн эмнэлгийн мэдэгдэлд дурджээ.


Эмч нарын хэлснээр, охины эрүүл мэнд, өсөлт хөгжил эмч нарын хяналтан дор ихээхэн сайжирч, ийнхүү эмнэлгээс гарахад бэлэн болжээ. Түүний ээж Вон Мэй Лин Сингапурын хэвлэлд өгсөн ярилцлагадаа, анхны хүүхэд болох хүү нь хугацаандаа төрж байсан тул охиноо анх хараад цочирдсон гэдгээ ярьсан байна. 


Үүнээс гадна К.Сюанийн эцэг эх хандивын аян өрнүүлснээр 366 884 сингапур доллар буюу 270 601 ам.доллар цуглуулж, охиныхоо урт хугацаанд хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн төлбөрийг төлж чаджээ. 

Холбоотой мэдээ