С.Батцэцэг маргааш хүрэл медалийн төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-02 18:54:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр хагас шигшээ барилдаанд Гавьяат тамирчин С.Батцэцэг, Нигерийн Блессинг Оборудудутай хүч үзэж 7:2-оор хожигдлоо.


Нигерийн бөх, С.Батцэцэгийн хөлд хамж ороод ард гарч 2 оноо авч, дахин оноогоо ахиулсаар нийт 7 оноотой эхний үеийг илүүрхэн дуусгав. Хоёрдугаар үе манай бөх 2 оноо авснаар ялагдлаа.


Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларроког цэвэр дарж ялсан. Дараа нь 1/4 шигшээд 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг 8:5-аар хожсон.


Харин энэ удаагийн учраа О.Блессинг бол Африкийн 10 удаагийн аварга, тивдээ сүүлийн 10 жил босоо байгаа бөх юм. Тэр эхлээд Азербайжаны Маноловаг 13:2 ялж, дараа нь Киргизийн Мээрим Жуманазароваг 3:2 ялж, хагас шигшээд шалгарсан.


Энэ жингийн дагах барилдаан маргааш 11 цагаас, шигшээ барилдаан 19 цаг 30 минутаас эхэлнэ. Энэ жингийн аваргын төлөө Тамира Менса (АНУ), Блессинг Оборудуду (Нигер) нар хүч үзэн өрсөлдөнө.


Манай бөх маргааш үдээс хойш Киргизийн Мээрим Жуманзарова, Азербайжаны Элиз Маналова нарын ялсантай нь хүч үзнэ.


"Лондон-2012" олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг ийнхүү маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Холбоотой мэдээ