Мьянмарт хоёр жилийн дотор сонгууль явуулахаа амлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-08-02 14:08:26

НЕЙПИДО. /NHK/. Мьянмарын цэргийн удирдагч ардчиллыг сэргээн тогтоохын төлөөх бүх нийтийн сонгуулийг 2023 оны наймдугаар сар гэхэд явуулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.


Генерал Мин Аун Хлаин цэргийнхэн ардчилсан замаар сонгогдсон Засгийн газрыг түлхэн унгааснаас хойш зургаан сарын дараа төрийн телевизээр ням гарагт үг хэлэх үеэрээ ийнхүү хэлсэн байна.


Тэрбээр ардчилал, федерализмд тулгуурласан холбоог байгуулахаа амлаад, товлосон хугацааг хүртэл цэргийнхэн бүрэн бэлтгэл хийнэ хэмээн мэдэгджээ.


Мөн цэргийнхэн сонгуульд ялсан улс төрийн намд эрх мэдлийг шилжүүлэн өгнө гэдгийг тодотгон хэлсэн байна.


Улсын хэмжээнд хурдацтай тархаж буй коронавирусний халдварын тухайд Мин Аун Хлаин, нэгдмэл байж, хүчээ нэгтгэн цар тахлын эсрэг тэмцэхийг иргэдэд уриалжээ.


Мьянмарт цэргийн дэглэмийг эсэргүүцсэн эмнэлгийн ажилтнууд, төрийн албан хаагчид олноороо ажил хаяад байгаатай холбоотойгоор эмнэлгийн тогтолцоо нуран унахад хүрсэн байна. Тухайлбал, долоодугаар сард улсын хэмжээнд наад зах нь 6000 хүн халдварын улмаас нас баржээ.


Мөн Мьянмарын хүний эрхийг хамгаалах холбооны мэдээлснээр, цэргийнхэн эсэргүүцлийн жагсаалыг таслан зогсоох үеэр 940 хүн амиа алдсан байна. Цэргийн эргэлтийг эсэргүүцэгчдийн хувьд цэргийн дэглэмийг нэн даруй халахыг уриалсан хэвээр байгаа ажээ. 

Холбоотой мэдээ