“Бид мартахгүй” үйл ажиллагааг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-27 18:51:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэсгээс Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэсэн байна.

Ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор ийнхүү “Бид мартахгүй” үйл ажиллагааг зохион байгуулжээ. Энэ үеэр Сайхан сум буюу Хөтөл хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээсэн “Бид мартахгүй” хүндэтгэлийн хөшөөний талаар болон цагдаагийн хошууч Л.Ганзориг, цагдаагийн ахмад Д.Батбаяр, цагдаагийн ахлах ахлагч Д.Бямбаа нарын ажил, амьдралын түүхээс алба хаагчдад танилцуулах ажлыг зохион байгуулжээ. Дээрх эрхмүүд нь ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад амь эрсэдсэн баатрууд юм. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болдоос ирүүлсэн “Хүндэтгэл”, дурсгалын зүйлийг цагдаагийн хошууч Л.Ганзориг агсны гэргий Б.Батдэлгэр, охин Г.Саруулзаяа, цагдаагийн ахмад Д.Батбаяр агсны гэргий О.Мөнхцэцэг, цагдаагийн ахлах ахлагч Д.Бямбаа агсны гэргий Д.Батмөнхөд нарт цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Алтанхуяг гардуулан өгч хүндэтгэл үзүүлжээ.

 

Холбоотой мэдээ