Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах тоног төхөөрөмж авахаар ярилцаж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-07-27 16:07:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Триян Христеагийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.


Элчин сайд Триян Христеагийн Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаанд БОАЖЯ-тай хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэнд салбарын сайд талархал илэрхийлээд, 2017-2021 онд ЕХ-ны санхүүжилтээр 2 төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлснийг онцлов.


БОАЖЯ, ГХЯ, Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооноос ЕХ-ны Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг багасгах санаачилгатай хамтран “Төв Азийн орнуудад био аюулгүй байдал, био аюулгүй ажиллагааг хангах үндэсний эрхзүйн орчныг сайжруулах бүсийн Р53” төслийг Олон улсын шинжлэх ухаан технологийн төвтэй хамтран хэрэгжүүлжээ. Төслийн санхүүжилт 5 сая ам.доллар бөгөөд үүнээс Монгол Улсад 570 мянган ам.долларыг хуваарилжээ.


Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан чадавхыг бэхжүүлэхээр ЕХ-ноос 2 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгож төслийг сунгаад байгаа. Ингэснээр 89 сая төгрөгийн өртөг бүхий лабораторийн шинжилгээний PCR системийг Ховд аймгийн ЗӨСҮТ-д, ШУА-ийн Биологийн хүрээлэнд 87 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, биоаюулгүй байдлын II-р ангиллын кабинетыг хүлээлгэн өгчээ.


Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын аюултай хог хаягдлын удирдлагын чадавхын судалгаа, үнэлгээ” төслийг хэрэгжүүлээд байна.


Европын Холбооны “Свич-Ази” хөтөлбөр, Чехийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр “Каритас Чех Репаблик” байгууллагатай хамтран “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг 2013-2017 онд хэрэгжүүлсэн. “Свич-Ази II” хөтөлбөрийн санхүүжилтээр “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг тус БОАЖЯ, “Каритас Чех Репаблик” байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа.


Уг төслийг Монголд ногоон эдийн засгийг хөгжүүлэх, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, хаягдалгүй эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэхээр 2020-2024 онд хэрэгжүүлж байна. Одоогоор Улаанбаатар хот, Булган аймгийн төв болон Хишиг-Өндөр суманд суурь судалгаагаа хийжээ. Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтыг Хишиг-Өндөр суманд туршихаар БНЧУ-аас тоног төхөөрөмж татан авах хэлцэл хийгээд байгаа аж.


ЕХ-ны санхүүжилтээр 2021-2024 онд “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн хэрэгжүүлнэ. Энэ нь Монгол иргэдийн хүнсний хангамж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг шинэлэг, ландшафтын түвшний тогтвортой менежмент хэрэгжүүлж шийдэх, чадавхыг нэмэгдүүлэх зорилготойг салбарын яам мэдээлсэн юм.


Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд агаар, хөрс, усны бохирдлыг багасгах чиглэлээр Европын Холбоо, түүний гишүүн орнуудын тэргүүн туршлагыг нэвтрүүлэн тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллах саналтай байгаагаа БОАЖ-ын сайд Н.Уртнасан илэрхийлэв. Мөн ЕХ болон Герман улс сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг сүүлийн 60-аад жил хэрэгжүүлж буй туршлагыг хуваалцан, хамтрах саналтай байгаагаа онцоллоо.


Уулзалтын үеэр Элчин сайд Триян Христеа цаашид хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцоод, Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа ч хамтын ажиллагаа улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ