НҮБ Афганистаны Засгийн газар, "Талибан" яриа хэлэлцээгээ түргэтгэхээр болсныг сайшаажээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-07-20 14:05:21

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Афганистаны Засгийн газар, "Талибан" хөдөлгөөн найрамдлын яриа хэлэлцээгээ түргэтгэх тохиролцоонд хүрснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш сайшаасан талаар түүний ажлын албанаас даваа гарагт мэдэгджээ.


Талууд Катарын нийслэл Доха хотноо ням гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлдээ, өнөөгийн нөхцөл байдлыг зохицуулахын тулд “цагаа олсон, шударга шийдлийг” олохын төлөө өндөр түвшний хэлэлцээгээ түргэтгэхээр тохиролцлоо хэмээн онцлон тэмдэглэсэн юм.


НҮБ-ын тэргүүний хэвлэлийн албаны мэдээлснээр, Афганистан дахь 15 улс орон болон НАТО, Европын Холбооны дипломат төлөөлөгчийн газрууд хүчирхийллийг зогсоож, гал зогсоох, найрамдах хэлэлцээ хийхийг даваа гарагт уриалсныг А.Гутерреш уламжилжээ.


“Ерөнхий нарийн бичгийн дарга Афганистаны бүх иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тохиролцоонд хүрэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, яриа хэлэлцээгээ түргэтгэх, ард түмнийхээ хүмүүнлэгийн хэрэгцээг хангах үүрэг амлалтаа амжилттай биелүүлэхийг талуудад уриалав. Мөн энэхүү найрамдлын үйл явцыг дэмжихэд хүчин чармайлтаа нэгтгэхийг олон улсаас хүслээ” гэж уг мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ