Хараа, Ерөө голын дагууд усны түвшин олон жилийн дунджаас 50-100 см ахиу байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-12 13:45:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн урьдчилсан мэдээллээр Сэлэнгэ мөрний адаг, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө голын дагууд усны түвшин олон жилийн дунджаас 50-100 см ахиу байхаар байна.


Мөн бусад томоохон гол мөрний хувьд ч олон жилийн дунджаас их байх төлөвтэй байгаа юм. Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас их, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байна.


Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.


  • Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,
  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ