Л.Сонор: "Century" бонд гаргаснаар бусад бондын гадаад өр төлбөрийн дарамтыг бууруулсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-30 18:50:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яамнаас энэ оны төсвийн тодотголын төслөө Засгийн газар, УИХ-д танилцуулж, гадаад өр төлбөрийг төлөх 1 тэрбум ам.долларын бонд гаргасан талаар мэдээлсэн.

Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн онд эдийн засаг 5.3 хувийн агшсан, зээлжих зэрэглэл В түвшинд байгаа, цар тахлын хүнд нөхцөлд гадаад зах зээлд хамгийн бага хүүтэй 1 тэрбум ам.долларын "Century" бонд гаргасан. Энд 6 жилийн хугацаатай, 3.5 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай, 4.4 хувийн хүүтэй мөн 500 сая ам.долларын буюу нийтдээ 1 тэрбум ам.долларын бонд гаргаж ирэх 2 жилийн буюу 2022 оны "Чингис" бонд, 2023 оны "Гэрэгэ" бондын гадаад өр төлбөрийг шийдсэн талаар Сангийн яам мэдээлсэн юм. 

Энэ талаар Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонороос тодруулбал, "Чингис" бонд 5.125 "Гэрэгэ" бонд 5.625 хувийн хүүтэй байсныг дурдаад, эдгээр бондын хүүг багасгаад нэг жилийн өрийн үйлчилгээний үндсэн төлбөрийн дарамтыг бууруулж буйг онцоллоо. Өнгөрсөн жил "Номад" өрийн зохицуулалтаар эхэлсэн олон улсад сайнд тооцогддог жишиг үйл ажиллагааг авч үргэлжлүүлж буйг тэрээр тодотголоо.






Шинээр бонд гаргахад Засгийн газар "J.P.Morgan", "HSBC", "Morgan Stanley", "Nomura" гэсэн хөрөнгө оруулалтын 4 банктай хамтран ажиллажээ. Хугацаа тулсан, өндөр дүн бүхий төлбөртэй гадаад өр төлбөрийг амжилттай хойшлуулан ийнхүү ажиллаж буй нь Монгол Улсын төр, засаг, эдийн засгийн тогтвортой байдалд итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байгааг харуулж байна хэмээн Сангийн яамнаас дүгнэж байна. 


Холбоотой мэдээ