Ирэх сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-29 22:36:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв ирэх сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас унах төлөвтэй байна гэж мэдээллээ. Энэ талаар тус төвийн дарга С.Жаргалсайханаас тодрууллаа.

- Ирэх сард хур элбэг байх нь. Өмнөх жилүүдтэй харьцуулбал ямар байх бол?

- Долдугаар сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Нийт нутгийн 30-70 хувьд бороо орох төлөв байна гэсэн үг.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар нутгийн өмнөд хэсгээр 59-79 мм, бусад нутгаар 85-104 мм унадаг. Зарим жил олон жилийн дунджаас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал,1996, 2000-2001, 2004, 2007, 2014, 2017 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байсан. Харин 1990, 1993, 1997-1998, 2003, 2006, 2012, 2018 онд зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна.

- Сүүлийн жилүүдэд зуны зарим өдөр хэт халуун байдаг. Ийм үзэгдэл тохиох уу?

- Ирэх 7 дугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэс 4-6 градусаар сэрүүснэ. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 28-33 градус хүрч халах төлөв гарсан байна. Манай аймагт долоодугаар сарын агаарын темперaтурын олон жилийн дундаж нийт нутгaaр 17-21 градус дулаан бaйдаг. Агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 1999, 2002, 2004-2005, 2007-2008, 2010-2011, 2015-2017 онд хамгийн дулаан буюу олон жилийн дунджаас 2-3 градусаар дулаарч өдөртөө Могод, Баян-Агт, Сайхан суманд 30-36 градус бусад нутгаар 34-42 градус хүрч халж байсан.

- Цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдах шинж төлөв байна уу?

- 7 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Дуу цахилгаантай хур буух, борооны өмнө салхи секундэд зарим газраар 16-18, зарим үед түр зуур 22-24 метр хүрч ширүүсэх төлөв гараад байна.

Холбоотой мэдээ