Лхагва гаргаас Дархан руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-14 18:12:48

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд "Ковид-19" цар тахлын гурав дахь давлагаа эхэлсэн гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдэгдсэн. Өнөөдөр болсон Онцгой комиссын хуралдаанаар хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал энэ сарын 16-ны өдрөөс Дархан сум, Шарын гол сум руу орох, гарах хөдөлгөөнийг 14 хоног хязгаарлахаар болов. 2021.05.22оос хот хооронд зорчих хөдөлгөөн нээгдсэн. Үүнтэй холбоотой Дарханд ирэх иргэдийн урсгал эрс нэмэгдсэн. Учир нь тавдугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 361 тохиолдол бүртгэгджээ. Зөвхөн өнөөдөр гэхэд 74 тохиолдол илэрсэн аж. Дээрх бүртгэгдсэн 361 тохиолдлын 80 гаруй хувь нь Улаанбаатар хот болон Төв, Сэлэнгэ аймгаас зөөвөрлөгдөн ирсэн гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Өвчлөгсдийн 87 хувь нь ковидын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан бол огт хамрагдаагүй 110 хүн байна. Нийт өвчилсөн хүмүүсийн 32.4 хувь нь хүүхэд ажээ.

Цар тахлын гурав дахь давлагааг эрсдэл бага даван туулахын тулд зарим шийдвэрүүдийг гаргасан гэж аймгийн Онцгой комиссын дарга мэдээлэв. Үүнд:

Дотооддоо ААНБ-уудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ. Харин бүх төрийн байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа 30 хүртэл хувийг ажиллуулна.

Нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлана./ одон, үсний найр, хамт олны аялал зугаалга, уралдаан тэмцээн г.эх мэт/.

Төрийн болон хувийн хэвшлийн бүх ААНБ дээрх үйл ажиллагаанд оролцохгүй байх

Хүүхдэд зориулсан бүх төрлийн үйл ажиллагааг хязгаарлана. /дугуйлан секц, үзвэр үйлчилгээ, тоглоомын төв гэх мэт/

Сүм хийдүүд онлайнаар, хаалттай горимоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

Ресторан, баар, саун, бассейн зэрэг үйлчилгээний газрууд нэг дор 10-аас дээш хүнтэй тэмдэглэлт үйл ажиллагаа зохион байгуулахгүй, үйлчлэхгүй.

Амралт, сувиллын газруудад гаднаас амрагч авахгүй байх. Ахмадууд гадагш амралт сувилалд явахгүй байх.

Зулзагын гол амралт, сувиллын ногоон бүсэд зөвхөн гэр бүлээрээ явах. 10ас дээш хүнтэй албан байгууллага, хамт олон найз нөхдөөрөө аялж, зугаалахгүй байх.

Дархан сум руу орох, гаргах хөдөлгөөнийг хязгаарлана. /Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай, вакцины бүрэн тунд хамрагдсан, түргэвчилсэн оношлуурын шинжилгээтэй иргэдийг нэвтрүүлнэ/

Шарын гол сум руу орох, гарах хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлахаар боллоо.

Цар тахлын хоёр дахь давлагаа Дархан-Уул аймагт 2021-03-21-нээс эхэлсэн гэж үздэг. Тухайн өдрөөс хойш тавдугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд коронавирусний халдвар авсан 669 иргэнийг 100 хувь эмнэлэгт хэвтэн эмчилсэн ажээ. 

Холбоотой мэдээ