К.Токаев У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-06-13 16:08:04

НУР-СУЛТАН. /Kazinform/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд ард түмнийхээ болон өөрийн нэрийн өмнөөс баяр хүргэв.


“Ерөнхийлөгчийн сонгуульд байгуулсан таны ялалт улс орныхоо хөгжилд оруулсан нөр их хөдөлмөр, хувь нэмрийн тань үр дүн бөгөөд Монголын ард түмэн танд итгэж байгаагийн тод илрэл юм. Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөөх таны цаашдын үйл хэрэг амжилтад хүрнэ гэдэгт миний бие итгэлтэй байна” гэж Ерөнхийлөгчийн баярын цахилгаанд онцлон тэмдэглэжээ.


Мөн К.Токаев, Казахстан, Монголын уламжлалт харилцаа харилцан хүндэтгэх зарчим, бүх талын хамтын ажиллагаанд тулгуурлан улам өргөжин бэхжиж буйд миний бие туйлын баяртай байдаг хэмээгээд, Казахстан улс хоёр орны хоорондын түншлэлийг хоёр талт болон олон талт хэлбэрээр өргөжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахад бэлэн байгааг илэрхийлсэн байна.


Казахстаны Ерөнхийлөгч баярын цахилгааныхаа төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд амжилт хүсээд, Монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ. 

Холбоотой мэдээ