“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн явцтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-03 11:14:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” барина.


Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийг шийдэх үүрэг хүлээсэн. Харин Хятадын тал санхүүжилтийг шийдэж, гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниа хариуцаж ажиллах юм.


Төсөл хэрэгжүүлэх бэлтгэлийг бүрэн хангасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллах үеэр танилцууллаа.


Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт шилжүүлж, төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлжээ.


Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай аж. Эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалт хийнэ.


“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг гучин сарын хугацаанд хэрэгжүүлэхдээ зоорь бүхий найман блок 21 давхар барилга барина. Давхартаа зургаан айл, нэг блок нь 126 айлтай байх юм. Байр нь 50, 55 мкв гэсэн хоёр сонголттой. Орон сууцны барилгыг 4.2 га-д барих нь нийт талбайн 10 хувь бөгөөд үлдсэнд нь ногоон байгууламж, зам, хүүхдийн тоглоомын талбай барихыг албаныхан онцолж байлаа.


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн төр, захиргаан байгууллага зургаан дэд төв дээр суурилж, бүтээн байгуулалт хийнэ. Нийслэл нэг төвт хотоос олон төвт хот болж, хэт их төвлөрлийг багасгана. Орон сууцны бодлогыг хотын төвдөө биш, Сэлбэ, Баянхошуу дэд төвөө түшиглэн ажлаа эхлүүлнэ” хэмээснийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ