Орон зайн суурь 18 өгөгдлийн стандартын төслийн саналыг 14 хоногт авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон зайн суурь 18 өгөгдлийн стандартын төслийг батлуулах Ажлын хэсгийн анхдугаар хурлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас мягмар гарагт зохион байгуулав.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/110 тушаалаар батлагдсан Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн орон зайн суурь өгөгдлийн үзүүлэлтийн стандартын төслийг батлуулахаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм.
Уг асуудлаар Стандарт,
хэмжил зүйн газартай хамтарсан Ажлын хэсгийн энэхүү анхдугаар хурлаар Стандарт,
хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах
мэргэжилтэн Н.Батжаргал Ажлын хэсгийн гишүүдэд стандартын төсөл боловсруулж,
батлуулах үйл явцын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв.
Тус хурлаас орон зайн
өгөгдлийн дэд бүтцийн 18 дэд сангийн өгөгдлийн үзүүлэлтийн стандартын төсөлд
бусад байгууллагуудаас 14 хоногийн хугацаанд багтаан санал авч, Техникийн
хорооны хурлаар хэлэлцүүлж, үндэсний стандарт болгон батлуулахаар шийдвэрлэсэн
байна.
Ташрамд дуулгахад, Манай улсад сүүлийн жилүүдэд орон зайн өгөгдөл,
мэдээллийн хэрэглээ нэмэгдэж, газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан
судлалын дэвшилтэт технологи нэвтрэхийн зэрэгцээ төрөөс Үндэсний хэмжээнд орон
зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулахаар идэвхтэй ажиллаж байна.
Газарзүйн мэдээлэл нь орон нутгийн, бүсийн болон олон улсын хэмжээнд тохирох шийдлийг гаргахад чухал ач холбогдолтой юм. Гэмт хэргийн менежмент, бизнес цэцэглэлт, үер усны менежмент, байгаль орчны нөхөн сэргээлт, газар ашиглалтын үнэлгээ, болон гамшгийн нөхөн сэргээлт зэрэгт шийдвэр гаргагчид нь газарзүйн мэдээллийг ашиглан оновчтой шийдлүүдийг гаргаж байгаа нь үр ашгаа хүртэж буй үйл явдлын цөөн хэдэн жишээ юм.