Зэвсэгт хүчний хамтарсан төлөвлөлтийн хурал Тувад болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-27 11:38:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан төлөвлөлтийн хурал Тува улсын нийслэл Кызыл хотноо энэ сарын 22-25-нд болов.



ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн “Олон улсын цэргийн наадам-2021” цогцолбор тэмцээний хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин “Аравт-2021” олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн нутагт, “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдааныг ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулах юм.


Үүнтэй холбоотой тус хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчний ажлыг хэсгийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, ОХУ-ын талаас ОХУ-ын БХЯ-ны Авто-хуягт танкийн ерөнхий газрын дарга, хурандаа А.Власенко, ОХУ-ын Хуурай замын цэргийн командлалын Байлдааны бэлтгэлийн газрын ахлах офицер, хурандаа А.Покровский нар ахлан оролцлоо.



Төлөвлөлтийн хурал 2 үе шаттай болсон бөгөөд 1 дүгээр шатанд “Цэргийн ралли” авто машины уралдааныг Монгол Улстай хамтран зохион байгуулах асуудлаар, 2 дугаар шатанд “Аравт” морин цэргийн олон улсын уралдааны зохион байгуулалтын талаар хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрсэн байна.



Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Аравт-2021”, “Цэргийн ралли-2021” уралдаанд оролцох ОХУ-ын багийг сонгон шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээнд оролцож, тэмцээний явцтай танилцсан юм.

Холбоотой мэдээ