Багш нар хүүхдийн эрхийн зөрчлийг таних арга зүйд суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-19 12:33:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрх, хамгааллын мэдлэгийг нэмэгдүүлэх ерөнхий боловсролын сургуулийн багш нарын  цахим сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтад нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 275 сургуулийн 14 мянга гаруй багш, ажилтан оролцож байна. Тэд ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, өөрийн үүрэг, оролцоо, бодлогын талаар болон хүүхдийн эрхийн талаар мэдээлэл авч, эрхийн зөрчлийг таних арга зүйд суралцах юм. 

Сургалтаар сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй, хүүхдийн эрхийн зөрчлийг таних, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, чадавхжуулах юм. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох нар сургалтад оролцож үг хэллээ. Цахим сургалт энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.



Ташрамд мэдээлэхэд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 5 дугаар сарын 15-нд Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан олон нийтэд чиглэсэн ”Гэр бүл, хүүхдээ хайрлан хамгаалъя” цахим нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, “Аз жаргалтай гэр бүл” зорилтот нэвтрүүлгийг олон нийтэд  хүргэжээ.




Холбоотой мэдээ