Гадаад валютын улсын нөөц 4.8 орчим тэрбум ам.долларт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-19 11:57:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас мөнгөний зах зээлийн эхний улирлын тоймыг танилцууллаа. Төв банкнаас гаргасан тоймоор гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт худалдан авалтаар нийт 405.3 тэрбум төгрөг, гадаад валют худалдаж авснаар 1,378.0 тэрбум төгрөг, своп арилжаагаар 83.2 тэрбум төгрөгийг тус тус нийлүүлжээ. 

Эдгээрийн үр дүнд гадаад валютын улсын нөөц энэ оны 3 дугаар сарын байдлаар 4.8 орчим тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь оны эхнээс 240.4 сая доллараар буюу 5.3 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 680.4 сая ам.доллараар буюу 16.6 нэгж хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.



Засгийн газрын орлого цэвэр дүнгээр 943.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, банкны системээс тус дүнгээр нөөц татагдсан байна. Монголбанкнаас оны эхэн үед "Эрдэнэс" бонд, ипотек, репо арилжаа зэрэг санхүүжилтийг банкуудад олгосон нь нөөцийн өсөлтийн тодорхой хувийг бүрдүүлж байна.


Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш энэ оны 4 дүгээр сард 160,616.05 төгрөг байв. Төв банк энэ оны 4 дүгээр сард 1.3 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тонн үнэт металл болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 тонноор буурсан үзүүлэлт юм.  

4 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 25.5 килограмм,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 61 килограмм үнэт металл тус тус худалдан авчээ.






Холбоотой мэдээ