“Монголд үйлдвэрлэв” худалдааны төвийг Хөх хотод байгуулна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-18 15:41:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ хамтран БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв байгуулахаар төслийн ажлыг эхлүүлжээ. 

Энэхүү төслийн үр дүнд хоёр улсын худалдааны бараа бүтээгдэхүүний эргэлт сайжрах төдийгүй экспортын нэр төрөл нэмэгдэхээс гадна соёлын харилцааг өргөжүүлэх, сурталчлан таниулах юм. Худалдааны төвтэй болж, монгол бараа бүтээгдэхүүн өмнөд хөршийн зах зээлд тогтмол нийлүүлснээр бизнес эрхлэгчид БНХАУ-ын зах зээлд албан ёсоор бүтээгдэхүүнээ гаргах, арилжаалахад илүү хялбар дөхөм болох аж. 

Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хамгаалах нь энэхүү төслийн гол зорилго бөгөөд дээрх төв бий болсноор хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж илүү бүрдэх юм. Уг байгууламж нь Хөх хотын төв хэсэгт байрших бөгөөд худалдаа, үйлчилгээ, соёлын танхим, оффис түрээс гэсэн 4 хэсэгтэй байхаар зураглажээ. Эхний жилд нийт орлогын 84 хувийг Монгол бараа, бүтээгдэхүүн борлуулж, төслийг санхүүжүүлэх бол дараагийн жилүүдэд Хөх хотын зах зээлд танигдсанаар Монгол компаниуд бие даан үйл ажиллагаа явуулж эхлэх юм. Үүнд, дээр дурдсан үйлчилгээ, худалдааны түрээс зэрэг багтжээ. Эдгээр нь цаашид төслийн орлогын гол эх үүсвэр байхаар тооцжээ. 


2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО манай улсын ХХАХҮЯ хамтран монгол бараа бүтээгдэхүүн борлуулах төв байгуулахаар тохиролцсон боловч энэ нь өнөөг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй юм. Тэгвэл “Монголд үйлдвэрлэв” төвийг байгуулснаар монгол бараа бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээ зах зээлд худалдах, захиалга авах, хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж гарч ирэх нь. 

Хоёр улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр татаас бус бизнесийн харилцаанд үндэслэн, одоогийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд түшиглэн, зах зээлийн сул орон зайг дүүргэх, үйлдвэрлэгчдэд шинэ зах зээл нээх үүднээс “Монгол үйлдвэрлэв” төвийг байгуулахаар болсныг МҮХАҮТ-ын зүгээс онцоллоо. Тодруулбал, бараа бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, дундын зуучлалгүй, байнгын борлуулалт хийх боломжийг дээрх төв олгох аж. Түүнчилэн цахим экспорт болон цахим худалдааны суурь үүгээр  давхар бүрдэнэ гэж үзжээ. Төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр, бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэл 15 хувиар нэмэгдэх боломжтой гэсэн тооцооллыг төслийн нэгж хийжээ. 


Холбоотой мэдээ