УИХ дахь АН-ын бүлэг Д.Сүхбаатарын талбайд хуралдав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-10 12:11:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж хууль бус үйлдлүүдийг анхаарч үзэхийг эрх баригчдаас шаардахаар болсон талаар мэдээлэв. 


Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгч өнгөрсөн пүрэв гарагт хориг тавьсан. Хориг тавьснаар уг хууль УИХ-аар хэлэлцэж шийдвэр гарах хүртэл үйлчлэхгүй болсон ч СЕХ-ноос нэр дэвшигчдийг баталсан тогтоол гаргасан талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдээлэлдээ тэмдэглэв. Мөн АН-ыг төлөөлөх эрхгүй хүнд улсын бүртгэлийн байгууллага шинээр тамга олгосон бөгөөд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар уг тамгыг хүчингүй болгосон. Гэвч СЕХ тухайн хүчингүй тамгатай хүний нэр дэвшигчийн материалыг хүлээн авсныг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Үндсэн хуульд, Ерөнхийлөгчид Монгол Улсад таван жил ажилласан иргэнийг сонгохоор тусгасан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд уг заалт байхгүй болсныг анхаарч үзэхийг тодотгов.


Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн  ч удалгүй намын дарга хэвээр байгаагаа зарлаж намын даргын сунгаа явуулж М.Тулгатыг сонгосон. Харин С.Эрдэнээс тамга гардан авсан Ц.Туваан намын даргын сунгааг зэрэгцэн явуулж О.Цогтгэрэл сонгогдсон бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр талаас нэр дэвшигчээ тодруулаад байгаа юм. О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй талаас С.Эрдэнэ нар Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон. Харин СЕХ-ноос С.Эрдэнийн материалыг хүлээн авахаар шийдвэрлэснийг УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн эсэргүүцэж, тав нь Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 5-наас суулт, өлсгөлөн зарласан юм.

Холбоотой мэдээ